
1971 оны 7/8 дугаар сард соёлын хувьсгалаас хойш өрнийнхнийг Хятадад очихыг зөвшөөрдөг болсны дараа Хятадыг гаргууд мэддэг дипломатч Алэн Пейрэфит барууны анхны төлөөлөгчдийн хамт Бээжинд очжээ. Тэрбээр Элчин сайд Макартни тэргүүтэй төлөөлөгчид 1793 онд Хятадын эзэн хааны ордонд очсон тухай номынхоо оршилд "Маоист Хятад улс хийгээд Макартнигийн анх үзсэн Хятад улс хоёр хоорондоо хачин адилхан байхыг үзээд би ихэд цочирдсон билээ. Мөнөөхөн эзэн хааныг тахин шүтэх ёс тэнд ноёрхож, харин Цянлуны оронд Мао сууж байлаа. Бүх юм Маогийн хүсэл зоригоос хамаарч байв.
Засгийн өдөр тугмын ажлыг еронхий сайдад тохоосон байх ба тэрээр амьд бурхны үзэл санааг тайлбарлан таниулж, дээрээс соёрхлоос өөр дэмжлэггүй, элдэв далд явууллага, хуйвалдаан, эвсэл бүлгүүдийн дунд эвийг тааруулж, аргыг олж ажлаа явуулах ажээ. Мөнөөхөн уламжлал, зэрэг зиндааг хүндэтгэх ёслол горимыг ихэд хичээн дагах нь давтагдав. Мөн л бүхний хариу болдог нөгөө л нийтлэг үзэл сургаал ноёрхож, Маогийн үзэл санаа күнзийн үзэл санааг, түүний бяцхан улаан ном Канси хааны ариун зарлиг соёрхлыг орлож байв" хэмээн өгүүлжээ.
Мао Цин Ши хуандийн харгис бурангүй эрч хүчийг коммунизмын үл гүйцэлдэх үзэл санаатай холбосон нь Хятадын ард түмэнд аюумшигт үр дагавар авчирсан билээ. Шинэ социалист хүнийг өсгөж бойжуулах эдийн засгийн үндэс суурийг нь эхлээд тавихыг Мао хүсээгүй бөгөөд харин эхлээд социалист бие хүнийг бүрэлдүүлж, түүний тусламжтайгаар эдийн засгийг хурдан хөгжүүлэхийг бодсон билээ. Марксынхаар социалист бие хүн нь өмнөх капиталист нийгмийн үед эдийн засгийн талаар өндөр хөгжиж ирсэн, үйлдвэрлэж бүтээсэн эд баялгийг хүмүүст хэрэгцээний хэрээр нь хуваарилж, хувь хүнд өөрийгөө боловсруулж хөгжүүлэх боломж олгодог тийм баян чинээлэг нийгэмд амьдрах ёсгой байв. Харин Маогийн хувьд социалист бие хүн нь гуйланчлал, ядуу хоосон нөхцөлд амь зууж, амь бие үл хайрлан хөдөлмөрлөж, хүмүүст хуваарилах эд баялгийг бүтээхийн төлөө, Хятад орныг баян чинээлэг болгох үйлсэд өөрийгөө бүрэн зориулах ёстой байжээ. Хүнийг бүх талаар боловсруулж хөгжүүлэх бус, харин нам, төрийн төлөө үйлсэд үхтэл нь зүтгүүлж, бодгалийг бөхөөж мохоох үзэл санааг урьтал болгож байв. Маоист бодгалийн хэв загвар нь Лэй Фэн гэгч цэрэг болсон бөгөөд тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ "намын хувьсгалын машины хэзээ ч үл зэврэх эрэг шураг нь байж", их удирдагчид амь амьдралаа зориулсан "нэргүй баатар" болохыг хүснэ хэмээн бичсэнийг нь Мао түүнийг нас барсны дараа орон даяар явуулсан суртал ухуулгын кампанидаа ашиглажээ.
Ийм байдлаар Мао ЗХУ-д байснаас хол давсан, хүн төрөлхтний түүхийн хамгийн харгис хатуу дарангуйлагч диктатурыг байгуулсан юм. Тэрээр нийгмийг намын боловсон хүчний байнгын хяналтад байх үүрүүдэд хуваасан байна. Хотод хөдөлмөрийн нэгжүүд, гудамжны хороод нь ийм үүрүүдийн үүргийг гүйцэтгэж байв. Хөдөөд тариачдыг ардын коммунд дайчлан оруулж, үйлдвэрлэлийн бригад, бүлгүүдэд хуваасан байна. Хятад хүн хувийн гэх аливаа юмнаасаа хагацаж, бүх амьдрал нь нийтийнх болов.
Гэхдээ амь биеэ үл хайрлагч Лэй Фэн хэзээ нэг цагт хувиа хичээгч өвгөн Адам болж буцаж хувирах осол мэдээж байлаа. Ийм явдал гаргуулахгүйн тулд Мао "байнгын хувьсгал" гэгчийг тунхагласан байна. Тасралтгүй үргэлжлэх өргөн олон түмний кампаниуд, тэмцлийн "дайчин хурлууд", эцэс төгсгөлгүй өөрийгөө илчилж шүүмжлэх ажил, хөдөлмөрийн лагерьт дахин хүмүүжих үйлс, энэ бүхэн эцэстээ өөрийгөө байнга ямар нэг зүйлд буруутай мэтээр үзэх сэтгэл зүй бүхүй хүмүүсийг бий болгож байжээ. Тиймээс тэд аливаа зэмлэл буруушаалтыг ёс мэт хүлээн авч, өөртөө л бурууг өгдөг байна. Нам алдах ёсгүй, тэгэхээр би л буруутай байж таарна" гэж үздэг байв. Тийм ч учраас Кафкагийн Иозеф К-гийн нэгэн адилаар Маогийн кампанийн золиос болсон хүмүүс юун дээр алдаж осолдсоноо олох гэж өнгөрсөн бүхий л амьдралаа нэгд нэгэнгүй шүүн үзсээр эцэстээ тулгаж буй ялыг зөвшөөрдөг байжээ.