Ангилал
Эх сурвалж
Номын танилцуулга
Эдийн засаг бол авлигыг задлан шинжлэх хүчтэй арга хэрэглүүр мөн. Соёлын ялгаа, ёс суртахуун нь өөрийн нарийн ялгавар, зарим тухайлсан зүйлийг нэмдэг ч авлигад өртөгдөх, татагдах нь хамгийн их мэдэгддэг, ...
Одоогийн хэлээр бол суут эрдэмтэн, угаасаа бол эртний грекийн сод сэтгэгч Аристотель хүн төрөлхтний сэтгэлгээний түүхнээ анх удаа мэдлэгийн хэлбэрүүдийг, ингэхлээр шинжлэх ухаануудыг тодорхойлж, ангилсан ...
Таныг энэ номтой хурдхан танилцаасай гэсэндээ би товчхон өмнөх үг бичив. Монгол улсын гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор Б.Чимид ойрмогхон хугацаанд Үндсэн хуулийн үзэл баримтлал сэдвээр гурван ...
 
Улс төр, засаг төр » Улс төр судлахуй
Нийт: 36 - 36 « Өмнөх  |  Дараах »
ТӨРИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮҮХЭН ОРОЛДЛОГУУД, ТЭДГЭЭРИЙН МӨН ЧАНАР
2010 оны 09 сарын 27 өдөр

Төрийг үе үеийн сэтгэгчид танин мэдэхүйн хүрсэн төвшиндээ ахуй, цагийн агшинг тусган тодорхойлохыг оролдсоор иржээ. Тухайлбал Аристотель Улс төр зохиолдоо төрийг улс төрийн харьцахуй (общение) гэж тодорхойлсон. Тэрээр иргэд сайн сайхан амьдралын төлөө улс төрийн харилцаанд нэгдэж, зохион байгуулалт бүхий амьдралын хэв шинжид орсныг улс гэж үзэж байсан. Өөрөөр хэлбэл иргэдийн зохион байгуулагдсан нийлбэр цогц холбоо нэгдлээр (илрэх гадаад төрхөөр) төрийг төсөөлж нэгдэх зорилго нь сайн сайхан амьдрал, арга нь улс төрийн харьцахуй гэснийг эндээс харж болно.

Ромын улс төрийн зүтгэлтэн Цицерон ч төрийг үзэх үзэлдээ Аристотельтэй нэлээд адилхан байр суурийг баримталж байсан. Тэрээр "төрийг эрхийн асуудлаар зөвшилцсөн, ашиг сонирхлоороо нэгдмэл хүмүүсийн холбоо" гэж тодорхойлж байв. Аристотель, Цицерон нарын төрийг иргэдийн холбоо, нэгдэл, зохион байгуулалт гэж үзэж байсан энэ төсөөлөл Европын улс төрийн сэтгэлгээний хэв шинжид (менталитетэд) хүчтэй нөлөөлж, улмаар төрийг улс төрийн байгууллага, хүмүүсийн онцгой төрлийн холбоо (илрэх гадаад дүр төрхөөр нь) гэж үзэх үзлийн хөрс суурь болсон байна. Тухайлбал, А.Фома Захирагчийн захиргааны тухай номондоо "хот улс буюу төр бол боловсронгуй нэгдэл мөн" гэсэн бол энэ үеийн Италийн сэтгэгч Марсилий Падуанский Энх тайвныг хамгаалагч бүтээлдээ "хүн өөрийн амьдралд давуу байх нөхцлийг бүрдүүлсэн байнгын холбоог төр" гэж тодорхойлсон байна.

Европийн шинэ үеийн сэтгэгчид ч төрийг гадаад дүр төрхөөр нь судалж, тодорхойлох Аристотель, Цицерон нарын хандлагыг баримталж байв. Жишээ нь, Г.Гроций Дайн ба энх тайвны эрхийн тухай гурван ном бүтээлдээ "Эрхийн болон нийтийн ашиг тусын төлөөх чөлөөт хүмүүсийн боловсронгуй холбоог И.Кантийн Эрхийн тухай сургаалын метафизик эхлэл бүтээлдээ “Эрх зүйт хуулиар хамгаалуулсан олон хүмүүсийн нэгдлийг” төр гэж байгаа төрийн тухай бус, байх ёстой төрийн тухай тодорхойлсон бөгөөд уг тодорхойлолт хууль зүйн хандлагад зүй ёсоор багтана. Мөн Английн сэтгэгч Ж.Локк “Удирдлагын тухай хоёр номлол” бүтээлдээ “ Би төр гэдэг ойлголтын дор ардчилал болон удирдлагын ямар нэгэн хэлбэрийг бус, харин латин хэлний civitas гэсэн үгээр тэмдэглэсэн аливаа хараат бус нийгэмлэг (any independent community)-ийн тухай ямагт эргэцүүлэн бодож байлаа. Энэ үг манай хэлний "common wealth" гэсэн үгтэй илүү тохирч байгаа бөгөөд энэ ойлголт хүмүүсийн нийгэмлэгийг бүр ч тод илэрхийлж байгаа юм" гэжээ. Дээр дурьдсан сэтгэгчид төрийг улс төрийн нийгэмлэг, холбоо, нэгдэл гэснээс цааш нарийсч түүний дотоод бүтэц, институт, элементийг төдийлөн шинжлээгүй. Өөрөөр хэлбэл төрийн дотоод бүтэц, чиг үүргийг нарийн анатомчлоогүй юм.

Харин Ж.Бодены үеэс Францын төр судлаачид төрийг нэгдэл, холбоо гэх нь тийм ч оновчтой биш, харин түүнийг бүрдүүлэгч тогтолцооны элементээр дамжуулж судлах хэрэгтэй гэсэн үзэл санааг дэвшүүлэв. Өмнөх сэтгэгчдийн төр гэж үзэж байгаа "хүмүүсийн нэгдэл" бол төрөөс нөлөө үзүүлэх объект юм. Харин бодит байдал дээр бүрэн эрхт эрх мэдлийг хэрэгжүүлж буй хүмүүсийн нэгдлийн удирдлага бол төр гэсэн арай өөр үзэл баримтлалыг хөндсөн юм. Ийнхүү төрийг зөвхөн улс төрийн нэгдэл холбоо гэх үзлээс улс төрийн сэтгэлгээ нэг алхмаар урагшилж, институтчилэх хандлага (төрийн тэргүүн, дээд байгууллага, удирдах хэсэг гэх мэт) бий болсон нь төр судлалд ихээхэн дэвшил болсон. Т.Гоббс Левиафан зохиолдоо "хүмүүсийг айлган барьж нийтийн үйл хэрэгт үйл ажиллагааг чиглүүлж, нийгмийн орчинд тэднийг дасган журамлахын тулд нэг хүн эсвэл байгууллагад онцгой эрх мэдэл, хүчийг төвлөрүүлэх замаар нийтийн эрх мэдлийг бий болгож болно. Тиймээс нэг этгээдийн гарт олон хүнийг ийнхүү нэгтгэснийг төр (civitas) гэж нэрлэж болно" гэж институтчилэх хандлагыг дэмжиж хөгжүүлсэн юм.

Ийнхүү төрийг хаан, төрийн тэргүүн, удирдлагын давхраа, аппарат буюу албан тушаалтны тогтолцоо гэж үзэх хандлага Европын улс төрийн сэтгэлгээний хэв шинжид гүнзгий нэвтрэв. Тухайлбал, энэ нь Германы философич В.Гумбольдт Төрийн үйл ажиллагааны тодорхойлж буй туршлагын үзэл санаа бүтээлдээ төрийг "нийгэм, үндэсний холбооноос ялгаатай олон талт нарийн нийлмэл машин” М.Бакунин “ төр бол нийгэмтэй харьцуулахын аргагүй зохион байгуулагдсан институт бөгөөд дээр нь хүнд суртлын аппарат, цагдаа, байнгын арми гэсэн гурван өөдгүй зүйлийг агуулсан онцгой эрх дарх бүхий ангийн номлол, дарангуйлах бие цогцос мөн” гэснээс тодорхой байна.

Төрийг тодорхойлох дээрх түүхэн оролдлого бүр аль нэг хэтэрхийлэлд хэлбийж ирсэн байна. Нэг хэсэг нь төрийн тухай ойлголтыг түүхэн бодит байдалд нь бус, харин төр гэж юу вэ гэхийн оронд төр ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлохыг голчилж байжээ. Германы төр судлаач Р.Молийн өгсөн тодорхойлолт үүний нэг жишээ болно. Тэрээр "Төр гэдэг бол тодорхой нутаг дэвсгэрээр хязгаарлагдсан ард түмний, тухайлбал, нэг бие хүнээс эхлэн нийт нийгмийн хүсэл зоригийг удирдлага болгож, тэдний нийтлэг хүчээр дэмжигдэн үйл хөдөлгөөнд орж, тэдэнд байж болох бүхий л зорилгыг өөрсдийн нь хүчээр нийтийн зайлшгүй байдал болж хувирах хүртэл тэдгээрийг ханган биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилт бүхий тогтолцооны нэгдмэл организм мөн" гэжээ. Тэрчлэн төрийг зөвхөн эрх зүйт төр маягаар тодорхойлсон сэтгэгч, судлаач цөөнгүй. Тухайлбал, И.Кантын "Төр бол эрх зүйт хуулинд захирагдсан хүмүүсийн нэгдэл" гэсэн тодорхойлолт үүнд холбогдоно. Тэр ч байтугай хамгийн реалист үзэлтэн болох Гумплович ч төрийг "Тодорхой эрх зүйт дэг журмыг сахиулж байхын тулд жам ёсоор үүсэн гарч ирсэн эрх мэдлийн байгууллага" мэтээр тодорхойлж байсан.

Ер нь төрийн тухай ойлголтын суурь болгож эрх зүйт төрийг авч үзэж байсан нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн гол хандлага байлаа.
Арга зүйн өөр нэг хэтэрхийлэл нь төрийг аль нэг түүхэн хэв маягаар нь тодорхойлж байв. "Төр бол эзэн хаан, ард түмэн хоёрын холбоо мөн" гэсэн тодорхойлолт үүний жишээ юм. Бүгд найрамдах улс төр мөн үү гэсэн асуултаар энэ тодорхойлолт няцаагдана.
Үүнээс гадна төрийг аль нэгэн элементээр нь дамжуулан тодорхойлох хэтэрхийлэл бас байв. "Төр-ард түмэн", "Төр-засгийн газар", "Төр-би", "Төр-хүчирхийлэлийн машин" гэсэн тодорхойлолт энэ хэтэрхийллийн илрэл юм. XIX зуунд Германы төр судлаач Л.Халлер (L.Haller) "Ард түмэн тайж хүнийг төрүүлдэг. Харин тэр тайж төрийн өмнөөс амьдарч, төрийг эзэмдэгч” гэж хэлсэн нь бий. Ийнхүү төрийг түүний аль нэг тал элементтэй адилтган тодорхойлох явдал нэн түгээмэл байна.

Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 933 Сэтгэгдэл: 5 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 5
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
jo
aristoteliin uls toroos oruultsan yumuu da
2011-04-18 22:12:16
10A Dulguun
good luck
2011-02-12 20:39:23
10A Dulguun
tanks everyone
2011-02-12 20:11:15
Сайнуу
Улс төрийн
2010-10-25 15:38:27
Сайнуу
Улс төрийн
2010-10-25 15:38:26