Ангилал
Эх сурвалж
Зөвлөгөө
Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд түүнийгээ бусдаас нуух тун хэцүү. Таныг бага зэрэг мэддэг хүн л яаж байгааг чинь анзаарна. Тиймээс бусдад оньсого ...
Та ажлынхаа хувийн зохион байгуулалтад хэр зэрэг болохоо мэдье гэвэл дараах сонжоонд эргэлзэхгүйгээр шууд хариулаарай.
Өгөгдсөн 10 асуултанд хариулахдаа: ...
Энэхүү 13 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй. Гэвч эдгээр ...
 
Оюутан » Оюутны өөрийн удирдлага
Нийт: 0 - -3 « Өмнөх  |  Дараах »
ОЮУТНЫ ӨӨРИЙН УДИРДЛАГЫГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖҮҮД
0000 оны 00 сарын 00 өдөр
1. Удирдлагын ур чадвар
Хамт олон чамайг оюутны өөрийн удирдлагын аль нэг байгуулагад удирдах ажил гүйцэтгүүлэхээр сонгожээ. Бусдын итгэлийг даах хамт олны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг хариуцлага чамд ноогджээ гэсэн үг.
Сайн удирдагч байх хэцүү. Удирдагч хэдэн настай байхаас үл хамааран хамт олныг удирдахад ижил төстэй нийтлэг бэрхшээлүүд тулгардаг. Удирдагчид гол төлөв хоёр төрлийн алдаа гаргадаг.
1. Нэг хэсэг нь бүгдийг өөрөө хийхийг эрмэлздэг. Тэд үүргээ бусадтай хуваалцахыг хүсдэггүй нь хүмүүсийг идэвхгүй байдалд оруулдаг. Бусдын хийх ажлыг өөрөө шүүрч авснаараа өөрөө хохирдог.
2. Нөгөө нэг хэсэг удирдагч үүрэг, тушаал өгч, магтаал сайшаал хүлээх нь өөрийнх нь үндсэн үүрэгт ажил, харин бусад хар бор ажлыг захирагдагсад хийх ёстой гэж ойлгодог.
Ийм удирдагчид үүрэгт ажилдаа удаан оршин тогтдоггүй. Эхнийх нь хэт их ачааллаас болж сөхөрдөг бол дараагийн хэсэг удирдагчдыг хамт олон нь огцруулдаг.
Ийм байдалд орохгүйн тулд аливаа удирдагч хүн хамт олны зорилго, зорилтуудыг байнга санаж, түүнийг биелүүлэхийн төлөө чармайн ажиллах ёстой.
Сайн удирдагч:
- Хамт олны эрх ашгийн үүднээс шийдвэр гаргадаг
- Өөрийг нь сонгосон хамт олны өмнө хариуцлага хүлээн ажлаа тайлагнана гэдгээ ойлгодог.
- Шударга, төвшин, өөрийн баримталдаг зарчимдаа итгэл үнэмшилтэйгээрээ өөрийн хамт олондоо үлгэр дууриал болдог.
- Хамт олныхоо бүх гишүүдийн санал, шүүмжлэлийг анхааралтай сонсдог
- Түүний сонгуульт ба томилолтын албан тушаал нь алдар нэр биш, юуны түрүүн хариуцлага гэдгээ ухамсарладаг.
- Шаардлагатай үед гишүүддээ тусалдаг
- Гишүүдийнхээ дэмжлэг, туслалцаагүйгээр амжилтанд хүрч чадахгүй гэдгээ ойлгодог
- Олсон амжилт алдар нэрээ хамт олонтойгоо хуваалцдаг.
- Өөрийхөө төлөө биш, хамт олныхоо амжилтын төлөө ажилладаг
- Хамт олны олгосон эрх мэдлийг бусдад хортойгоор урвуулан ашигласан тохиолдолд түүнийгээ алдана гэдгээ мэддэг.
Гэнэт сайн удирдагч болдоггүй, өдөр тутам хамт олонтойгоо уйгагүй ажилласнаар туршлага суудаг. Иймээс аливаа сонгуульт үүрэг хүлээсэн эсвэл ямар нэгэн үүрэгт ажилд томилогдсон хүн туршлагатай удирдагчийн зөвлөгөөг ашиглах нь зүйтэй.
 
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хамгийн шилдэг удирдагчдыг хүмүүс анзаардаггүй, сайн удирдагчдыг үнэлэн хүндэтгэж байдаг. Муу удирдагчдаас айдаг, хамгийн муу удирагчдыг үзэн яддаг. Хамгийн сайн удирдагчийг ажлаа хийж дуусахад “Бид үүнийг өөрсдөө хийлээ” гэж хүмүүс ярьцгаадаг.
Лао Цу
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
 
Тухайн оюутны мэдлэг чадварт тохирсон ажил, үүрэг хуваарилалт:
Оюутан бүр өөр өөрийн сонирхолтой. Зарим зүйлийг бид дуртайяа хийдэг бол заримыг нь бид хийх дургүй, заримыг нь чадахгүй ч тохиолдол гарна. Зураач оюутан шинэ жилийн баярын танхимыг дуртай чимнэ. Яруу найрагч оюутан өвлийн өвгөний, хөтлөгчийн хэлэх үг, шүлгийг зохионо харин тэднийг шинэ жилийн арга хэмжээний төсвийг зохио гэвэл дурамжханаар муухан хийнэ.
Олон хүнийг татан оролцуул:
Өөрийн найз нөхөд эсвэл тухайн ажил хийх туршлагатай хүнээс тусламж хүсэх нь амархан. Гэвч удирдагчийн үүрэг бол гишүүд ямар чадвар, туршлагтай байхаас үл хамааран бүгдийг нь ажилд татан оролцуулах явдал юм.
Тушаал бүү өг – эрх мэдлээ хуваалц:
Хэн нэгэнд итгэл хүлээлгэн өгч буй даалгавраа сайтар тодорхойл. Тухайн хүүхдэд уг даалгаврыг гүйцэтгэхийн тулд бие даан шийдвэр гаргах эрхийг нь өг. Энэ оюутнаас чухам юу хүсэн хүлээж буйг сайн тайлбарлаж ойлгуулсан гэдгээ бататга.
Ажлын явцыг ажигла:
Хэн нэгэнд ажил даалгасан хэдий ч удирдагчийн хувьд энэ ажлыг амжилттай дуусгах хариуцлагыг гагцхүү удирдагч л хүлээнэ. Тухайн даалгаврын гүйцэтгэх хугацааг тодорхойл. Хэрэг болвол шаардлагатай туслалцааг үзүүл.
Ажлын үр дүнг үнэлэх:
Хүн бүрийн ажилд урам хайрлаж бай.
 
2. Ажлын төлөвлөлт
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Зарим хүмүүс эд зүйлсийг байгаагаар нь харж: Яагаад гэж асуудаг. Би ерөөсөө байгаагүй зүйлсийг мөрөөдөж: яагаад үгүй? гэж асуудаг
Роберт Кеннеди
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
 
Ямар ч байгууллагын ололт амжилт тохиолдлын байдаггүй. Амжилтанд хүрэх гарцаагүй нөхцөл нь хамт олны бүх гишүүдийг ухамсартай үйл ажиллагаанд татан оролцуулах явдал юм. Оюутны өөрийн удирдлага нь сургуулийн ажил амьдралд өөрсдийн боломжийн хирээр нөлөөлж, тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө эрмэлзэж байх ёстой.
Оюутны удирдах зөвлөл, гүйцэтгэх хорооны хамтарсан хуралдаанаар бүрэн эрхээ хүлээн авсан гишүүд удалгүй өөрийн удирдлагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахаас ажлаа эхэлнэ.
Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажиллагааны нэг нь хуанли зохиох явдал юм. Тухайн хичээлийн жилийн хуанлийг гаргах хэрэгтэй. Хуанли зохиохдоо эхлээд өөрийн удирдлагын үйл ажиллагаанаас хамаарахгүй боловч түүнд нөлөөлж болох үйл явдлуудыг тусгах хэрэгтэй.
Өөрийн удирдлагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа бид өвөл, зуны ба улирлын амралтууд болон улс даяар тэмдэглэдэг баяр, чухал үйл явдлуудыг санах хэрэгтэй болно.
Бид үүнээс үл хамаарах үйл явдлыг хуанлид оруулсны дараа өөрийн удирдлагын ажлаа төлөвлөнө. Эхний шатанд санал хураалтыг заавал явуулах ёстой. Хэрэв төлөвлөгөөг ОУЗ, ГХ-ны хурлаар хэлэлцэж байгаа бол гишүүн бүрт 2 хуудас цаас (5:8 см) өгч эхнийх дээр тэдний бодлоор Өөрийн удирдлага оюутнуудынхаа төлөө тодорхой ямар ажил явуулах вэ? Дараагийнх дээр өөрийн удирдлага байгууллагын хувьд тодорхой ямар өөрчлөлтүүдийг хийх вэ? гэсэн асуултуудад хариулахыг хүснэ.
Нэг цаасан дээр нэг л санаа байх ёстой.
Цаасан дээр бичигдсэн зорилтуудаа чухал, яаралтай гэсэн 2 шалгуураар ангилж хуваарилах хэрэгтэй. Ингэхэд тань “нэн тэргүүний зорилтыг нь тодорхойлолт” хүснэгт тус болно (том цаасан дээр зурсан ). Гишүүн бүр бичсэн санаанууд нь амьдралд хэр зэрэг чухал эсвэл яаралтай гэдгийг эргэцүүлээд хүснэгтэн дэх нүднүүдэд байрлуулна.
Гишүүд хүснэгтийн баруун хойд өнцөгт тавигдсан зорилтуудыг маш анхааралтай судална. Энд тавигдсан зорилтууд нь хамгийн чухал бөгөөд яаралтай ажилд тооцогдоно. Тийм учраас тухайн зорилтуудыг юуны түрүүн хуанлидаа буулгана. Дараа нь жилийн турш хийгдэх бусад ажлуудыг мөн хуанлидаа байрлуулна.
 
НЭН ЧУХАЛ
Зайлшгүй
заавал хийх
Чухал хийх
ёстой
Хэрэгтэй гэвч
шаардлагагүй
Чухал биш
Хугацаа Яаралтай
хамааралгүй
Удаан
хугацааны
Яаралтай Нэн
тэргүүнд
Нэн тэргүүний зорилтын тодорхойлолт
 
Хуанлийг бөглөж дууссаны дараа жилийн төлөвлөгөөгөө бид биелүүлж чадах уу гэдгээ эргэж харна. Тодорхой нэг хугацаанд дэндүү их ажил хийхээр, эсвэл хэтэрхий бага ажил төлөвлөсөн байна уу гэх мэт.
Ийнхүү боловсруулсан төлөвлөгөөгөө Өөрийн удирдлагын ханын самбар дээр тавина. Хэрэв бид төлөвлөгөөгөө биелүүлж чадвал энэ нь та бидний ажлын сайн сурталчилгаа болно.
Үүгээр жилийн ажлын төлөвлөлт дуусахгүй. Манай хуанлид тусгагдсан ажил бүрийг задалж төлөвлөх шаардлагатай. Ингэхийн тулд тухайн ажлыг гүйцэтгэснээр бид ямар үр дүнд хүрэх вэ? гэдгийн өөрөөр хэлбэл зорилтоо тодорхойлно гэсэн үг. Даалгавар тус бүрийг доор өгөгдсөн асуултуудад хариулан тодорхой томьёолох хэрэгтэй болно. Тухайлбал:
- Юу хийх хэрэгтэй?
- Хэн үүнийг хийх вэ?
- Ямар хугацаанд хийх вэ?
Зорилт маань нэг өгүүлбэрээр өмнөх бүхнийг агуулсан байна. Тодорхой томьёолсон зорилтын жишээ:
Хэн ч үүнийг уншаад өөрийн удирдлага нь ямар зорилт дэвшүүлж вэ? гэдгийг төвөггүй ойлгоно. Хугацаа дууссаны дараа тухайн зорилтын биелэлтийг шалгаж болох юм.
Хэрэв өөрийн удирдлагын ханын самбар дээр “Оюутны удирдах зөвлөл хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүдэд тусламж үзүүлэх арга хэмжээ төлөвлөж байна” гэсэн зарлал байвал энэ нь тун бүрхэг зорилт болох нь ойлгомжтой. Яг юу болох гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ нь зөвхөн баримт мэдээ болж байна. Тухайн амлалт биелэгдсэн эсэхийг шалгах боломжгүй юм.
Зорилтоо тодорхой томъёолсны дараа түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад “Аварга алхмын хүснэгт” тус болно. Уг хүснэгтийг бөглөхдөө эхлээд хийх ёстой ажлаа жагсаана. Дараа нь тэдгээрээ цаг хугацааны хувьд эрэмбэ дараалалд оруулж, хариуцах эзнийг товлож, гүйцэтгэх хугацааг тогтооно. Хүснэгтийг бөглөхдөө даалгавар гүйцэтгэх хугацааг сайтар бодолцох хэрэгтэй. Гүйцэтгэх хугацаа нь бидний мэдэлд байгаа боломжит хугацаанаас хэтрэх тохиолдол гарч магад хоёрын хооронд дутуу юм хийх, эсвэл тухайн ажлаас бүр татгалзах уу гэдгээр шууд шийдвэр гаргах хэрэгтэй.
“Аварга алхмын хүснэгт”-ийг ашиглан Өөрийн удирдлагын бүх арга хэмжээнүүдийг төлөвлөж болно. Төлөвлөлтийг хийхэд аль болохуйц олон оюутнуудыг татан оролцуулах бололцоотой. Ингэснээр бүх нийтийн үйл хэргийн төлөө оюутан бүр хувь нэмрээ оруулж байгааг харуулж болох юм.
 
3. Санхүү
Оюутны удирдах зөвлөлийн төсөв гэдэг нь Оюутны удирдах зөвлөлөөр батлагдсан ирэх жилийн орлого, зарлагын нэгдсэн тооцоо юм.
Өнөөгийн нөхцөлд манай орны ихэнх сургуулиудын оюутнуудын өөрийн удирдлагын байгууллагууд санхүүгийн тодорхой их үүсвэргүй боловч түүнийг бий болгох талаар идэвхтэй ажиллаж өөрийн хөрөнгө мөнгөтэй болж үйл ажиллагаагаа явуулах нь чухал юм. Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл, мэдлэгтэй байж ажиллах Гүйцэтгэх хорооны дарга, санхүүч (сангийн нярав) нарын нэг гол үүрэг юм. Учир нь өөрийн удирдлагын хөрөнгө, санхүүг Гүйцэтгэх хорооны нэрийн өмнөөс захиран зарцуулна. Өдөр тутмын санхүүгийн бичиг , баримт, дансыг санхүүч ба санхүүгийн дэд хороо хөтөлнө. Санхүүгийн баримт бүрийг гүйцэтгэх хорооны дарга, санхүүч нар баталгаажуулна.
Хяналтын хороо нь санхүүгийн баримт бичгийг тогтмол шалгана. Жилийн эцэст гүйцэтгэх хороо нь Оюутны удирдах зөвлөлд санхүүгийн тайлангаа танилцуулна.
Гүйцэтгэх хороо нь зөвхөн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнд зориулж, зөвхөн төсөвт заасан хэмжээгээр хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Оюутны удирдах зөвлөлийн төсөв тэнцвэртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл:
 
Төсвийн орлого = Төсвийн зарлага
Орлого  Зарлага
 - Өмнөх жилийн үлдэгдэл
 - Оюутнуудын татвар
 - Урлаг спортын болон бусад арга хэмжээнээс олсон ашиг
 - Ивээн тэтгэгчдээс цуглуулсан хандив
 - Оюутны удирдах зөвлөлөөс олгож буй шагнал
 - Бичиг хэргийн зардал
   Тоног төхөөрөмж авахад зарцуулсан хөрөнгө хандив
 - Сургуулийн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүд
 - Мэдээлэл, сурталчилгаа
 - Бусад

Оюутны өөрийн удирдлагын санхүүгийн хуанли
  5 дугаар сар   Сангийн нярав Санхүүгийн салбар, хороотой хамтран ирэх хичээлийн жилийн төсвийн
  урьдчилсан төслийг боловсруулна.
  6 дугаар сар   Төсвийн төслийг Гүйцэтгэх хорооны хурлаар хэлэлцэнэ.
  (Шаардлагатай тохиолдолд зарим нэгэн засвар, өөрчлөлт оруулна.)
  9 дугаар сар   ОУЗ-ийн төсвийг батална
  (Шаардлагатай тохиолдолд зарим нэгэн засвар, өөрчлөлт оруулна.)
  9-5 дугаар сар   ГХ нь мөнгийг төсвийн дагуу захиран зарцуулна.
  Хяналтын хороо төсвийн гүйцэтгэлд хяналт тавина.
  5 дугаар сар   ГХ нь санхүүгийн тайлангаа танилцуулна.
  ОУЗ бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй ГХ-ны тайланг батална.
 
4. Тодорхой арга хэмжээг зохион байгуулахад анхаарах зүйлүүд
Аливаа ажлын зорилтыг зөв тодорхойлон бэлтгэл ажлыг сайтар хангаж чадваас хүрэх дүн тодорхой болж, хийсэн ажлаа ч дүгнэхэд амар байх болно.
Мөн гүйцэтгэх хороо нь ямарваа үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн хүмүүс, зөвлөх багшийнхаа туслалцааг авч байх нь эерэг үр дүнд хүрэх нэг арга зам юм. Ингээд ажлаа хэрхэн зохион байгуулах талаар дараах зөвлөмжүүдийг өгч байна.
Юуны өмнө юуг, яах гэж, яаж хийх вэ? Гэсэн асуултуудыг тавьж бэлтгэл ажлаа хангана. Бэлтгэл ажлыг хангахад ГХ-ны гишүүдээс гадна сайн дурынхныг татан оролцуулахад анхаарна.
 
Ажлын ерөнхий төлөвлөгөө боловсруулах загвар
“УБЭС ДЭЭД СУРГУУЛИЙН” 2009-2010 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа  Хэрэгжүүлэх албан
тушаалтан
Хамтрагч
байгууллага
 1.   2009-2010 оны аварга шалгаруулах спортын олон төрөлт
  арга хэмжээг зохион байгуулах
2009.09.28 Гүйцэтгэх хороо   ЧДЗДТГ, 
  5-р сургууль
 2.   2009-2010 оны урлагийн аварга шалгаруулах тэмцээнийг
  зохион байгуулах
2009.10 Соёл урлагийн
баг
  СУИС, СДС,
  Урлаг клуб
 3.   Тус сургуулийн оюутан залуусын дунд тэднийг сурлага,
  нийгэм гэх мэт бусад төрлийн амжилтаар нь 
  эрэмбэлэн жагсааж ажилд зуучлах хөтөлбөрийг
  зохион байгуулах
1 жил Гүйцэтгэх хороо
  ББ, ТББ, ТБ, МОХ
 4.   Оюутны зөвлөлийн нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг
  зохион байгуулах
2009.09-10 Гүйцэтгэх хороо   СЗ, МОХ
 5.   Оюутны эрхийг зөрчиж буй бүхий л хэлбэрүүдийн талаарх
  судалгааг нийгмийн салбаруудын хүрээнд гаргах, түүнийг
  таслан зогсооход төрийн болон төрийн бус байгууллагуудтай
  хамтран ажиллах
Жил ОУЗ, Гүйцэтгэх
хороо
  ТБ, ТББ, ХМБ
 6.   “Оюуны хөгжилд оюутны оролцоо” 2009 арга хэмжээ 2009.10 Гүйцэтгэх хороо   ЧДЗДТГ, МОХ, СЗ
  7.   Оюутны Эрдэм шинжилгээний бага хурал 2009.09 ЭШ
судалгааны баг
  МОХ, Лектор төв
  СЗ
    Монголын оюутны холбоотой хамтарсан ажлын төлөвлөгөөг
  гарган ажиллах
Жил Гүйцэтгэх хороо   МОХ
  9.   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрт аяныг зохион
  байгуулах
Жилийн турш Гүйцэтгэх хороо   НЦ газар ЧД-ийн
  цагдаагийн хэлтэс
 10.   УБЭС ДС-ийн тэргүүний оюутныг шалгаруулах арга хэмжээг 
  зохион байгуулах
2009.11  Гүйцэтгэх хороо   СЗ
 11.   “Одод бидний дунд” урлагийн салбарын шилдэг оюутнуудын
  тоглолтыг зохион байгуулах
Жил Гүйцэтгэх хороо   ЧДЗДТГ, МОХ,
  СУИС, СДС
 12.   “Аялагч -2009” явган аяллыг зохион байгуулах 2009.09-10 Гүйцэтгэх хороо   ЧДЗДТГ, МОХ, СЗ
 13.   Оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгааг зохион
  байгуулах, олон нийтэд мэдээлэх, оюутны хөдөлмөр
  эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажлыг зохион байгуулах
Жилийн турш Гүйцэтгэх хороо   НХГ, ЧДХХҮХ, МОХ
 14.   ОӨУ байгууллагын нэрэмжит нээлттэй өдөрлөгийг
  зохион байгуулах
Улирал бүр Ажлын алба ОУЗ   СЗ
 15.   Шинээр элсэн орсон 1-р курсийн оюутнуудад зориулсан
  лекцийг зохион байгуулах
2009.10 ЭШ судалгааны
баг
  Лектор төв, МОХ,
  Манлайлах урлаг төв
 16.   Чингэлтэй дүүргийн оюутны харшийн сүлд модны
  наадмыг зохион байгуулах
2009.12.25 ЗБ комиссийн
дарга
  СЗ, Метро полис бар
 
Жич: Энэ нь зөвхөн үлгэрчилсэн гэдгийг санаж орхигдуулсан зүйлүүдийг өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахдаа анхаарах нь зүйтэй. Мөн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ажлын хэсгүүд өөрсдийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргаж болох юм.
 
Аливаа ажлын төлөвлөгөөг гаргах олон хэлбэр байх боловч төлөвлөгөөнд тусгалгүй орхиж болохгүй анхаарч байх хэдэн зүйл байдаг. Үүнд:
A. Ямар ажлуудыг хийх ёстой юм бэ?
B. Хэзээ бэлэн болох ёстой юм бэ?
C. Хэн хийх ёстой юм бэ? гэсэн үндсэн асуудлуудыг орхигдуулж болохгүй
Мөн дээр нь нэмээд тухайн ажлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хаанаас гаргах, тухайн ажлуудын биелэлтэд оюутны өөрийн удирдлагын байгууллагын гишүүд болон зохион байгуулж буй хүмүүсээс хэн хяналт тавих, тухайн ажлыг хийхэд ямар зүйлүүдийг анхаарах, хамтран ажиллаж болох байгууллагууд, хувь хүмүүс зэргийг нэмж өгвөл илүү тодорхой болно.
 
Ажиллах хүч:
Ямар ч удирдагчийн анхаарлын төвд байх гол асуудлын нэг нь өөрийн байгууллагын ажилд аль болох олон оюутнуудыг татан оролцуулах явдал юм. Түүнээс гадна аливаа ажлыг олуулаа нийлж хийвэл амар хялбар байх болно. Харин ажиллах хүчийг олно гэдэг нь хүндрэлтэй асуудал бөгөөд арга хэмжээг гардан зохион байгуулахад ихэвчлэн цөөн оюутан оролцдог.
Бүх ажлыг өөрөө гардан хийх нь олон хүнийг удирдахаас харьцангуй хялбар. Гэвч ганцаараа хийж дийлэхгүй ажил, зорилтууд амьдралд олон бий.
Яагаад хамтран зүтгэгч хэрэгтэй вэ?
- Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдгийн адил өөрийн удирдлагын ажилд бусад оюутнуудын мэдлэг, чадварыг ашиглах нь зүйтэй.
- Татан оролцуулж буй оюутнууд нь өөрийн удирдлагын ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэхийн төлөө хувийн хариуцлагаа ухамсарладаг байх ёстой.
- Хэрэв аль нэг ажлыг хэд хэдэн хүмүүст хуваарилбал, хүн бүрт бага хэмжээний ажил ноогдоно.
- Ямарч сургуульд өөрийн удирдлагын ажилд сайн дураараа оролцоход бэлэн оюутнууд олон бий. Мөн түүнчлэн доорх шалтгаанаар энэ ажилд оролцдоггүй оюутнууд ч бас бий.
- Өөрийн удирдлага нь нэг их чухал, хэрэгтэй биш ажил эрхэлдэг гэж боддог
- Хэн ч тэднээс тусламж хүсээгүй.
Судалгаанаас үзэхэд энэ нь хамгийн их тохиолддог шалтгаан юм. Оюутнууд өөрсдийн идэвх, санаачлагаар ажилд оролцох зориг дутдаг. Тэд хамтран ажиллах санал ирэхийг хүлээдэг боловч тэдэнд хэнч ийм санал тавьж ханддаггүй.
- Тэд өөрийн удирдлагын ажлын талаар ямарч мэдээлэлгүй байдаг. Харин удирдлага нь тэдний ажлын талаар бүгд мэддэг гэж боддог. Энэ бол эндүүрэл. Амьдрал дээр жирийн нэгэн оюутан өөрийн удирдлагын ажлын талаар тун муу ойлголттой байдаг.
Тиймээс ямар нэг ажил зохион байгуулахдаа хүн хүч хэрэгтэй байгаа талаар мэдээлж байх нь зүйтэй.
Жишээ нь:
Зарлал
  Оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулахад
  хамтран ажиллах сонирхолтой оюутнуудыг 10-р сарын
  15-ны дотор ирж уулзахыг урьж байна

Мөн хүн хүч буюу сайн дурынхныг олоход дараах хэдэн асуултанд хариулах шаардлагатай болдог.
- Сайн дурынхнаар бид ямар ажил хийлгүүлэх вэ?
- Тэд ямар мэдлэг, чадвартай байх ёстой вэ?
- Тэд хамтран ажиллах ямар сонирхолтой байж болох вэ?
Дээрх зарлал гаргах арга нь оюутан бүрийн сонирхлыг татахгүй байж болно. Аливаа зүйлд буурь суурьтай ханддаг оюутан ийм “өгөөш”-д амархан орохгүй. ОӨУ-д ажиллах хүсэл зоригтой хэд нь аль хэдийнээ тэнд орчихсон ажиллаж байгаа. Иймд сайн дурынхныг олох олон аргыг сэдэж олох хэрэгтэй. Үүний нэг нь өөрийн удирдлагаас та бүхэн юуг хүсэж байна, та юугаар туслаж чадах вэ? Гэсэн санал асуулгыг оюутнуудын дунд явуулах хэлбэр юм.Тухайн санал асуулгын хуудас нь дараах загварын байж болно.

Овог, нэр ________________________________ Анги _______________
Өөрийн удирдлагын байгууллагаас сүүлийн жилд явуулсан ажлуудаас алийг нь хамгийн амжилттай болсон гэж үзэж байна вэ? ______________________________________
Юуг яаж өөрчилбөл зохистой вэ? ___________________________________________
Өөрийн удирдлагын үйл ажиллагаанаас чиний хувьд юу дутагдаж байна вэ?
_________________________________________________________________________
Өөрийн удирдлагын ямар ажилд нь чи илүү оролцох хүсэлтэй вэ? (чиний сонирхолд нийцэж буй гурван ажлыг чагталж тэмдэглэнэ үү):
- Сонины редакци
- Буяны арга хэмжээ
- Оюутны удирдах зөвлөлд ажиллах
- Өдрийн мэдээ
- Соёлын арга хэмжээ
- Зугаа цэнгээн үдэшлэг зохион байгуулах
- Оюутны эрхийг хамгаалах комисст ажиллах
- Бусад сургуулийн удирдлагатай хамтран ажиллах
- Бусад
Өөрийн удирлагын ажилд чи ямар хугацаа зарцуулж чадах вэ?
- Долоо хоногт 1 цагаас илүүгүй
- Долоо хоногт 1-5 цаг
- Долоо хоногт 6-10 цаг
Үе, үе хэд хэдэн цагаар өөрийн удирдлагад ажиллах чадвар хүн бүрт бий. Нэг хэсэг нь комьпютер дээр ажиллах, нөгөө хэсэг нь гадаад хэл мэддэг, гитар тоглодог, санхүү мэддэг г.м Өөрийн удирдлагад чиний ямар авьяас, чадвар хэрэг болно гэж бодож байна вэ?

5. Харилцан ярилцах
Оюутны өөрийн удирдлагын чухал асуудлын нэг нь багш, эцэг эх, захиргаа болон орон нутгийн байгуулагууд, ТБ-ууд, ТББ-уудын өөр хоорондоо тулгамдсан амин чухал асуудлаар харилцан ярилцахад нь туслах явдал юм. Удирдлага нь хүмүүсийн юу ярьж байгаагаас гадна юу бодож, юуг мэдэрч байгааг мэддэг байх ёстой.
Сургуулийн их завсарлагаанаар ямар их чимээ шуугиантай байдгийг бид бүгд мэднэ. Бүгд ярьж хэн ч сонсохгүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Харамсалтай нь иймэрхүү байдал зөвхөн завсарлагаанаар тохиолддоггүй. Сургуульд, оюутнууд ,багш нар, захирал, ажилчид гээд л бүгд ярьцгаадаг. Бүгд өөрийн санал бодлоо хэлэхээс биш, бусдыг сонсдоггүй.
Туршлагатай хүмүүс ярихаасаа илүү сонсох нь хэцүүг мэддэг. Оюутны өөрийн удирдлагын эзэмшвэл зохих гол чанарын нэг нь бусдыг сонсох явдал юм. Өөрсдийн бусдыг сонсох, санаагаа илэрхийлэх чадварыг дээшлүүлэхэд дараах санамж тус болно.
Ярьж чаддаг хүн
- Ярихаасаа өмнө юу хэлэхээ мэддэг
- Юу хэлэх гээд байгаагаа үгээр илэрхийлж чаддаг
- Товч тодорхой энгийнээр ярьдаг
- Сонсогчдоо татаж чаддаг
- Өөрийн үгээр сонсогчиддоо урам өгдөг
- Хэлсэн үгээ ажил үйлсээрээ баталдаг
- Бусдын үгийг сонсож ойлгодог
Сонсож чаддаг хүн
- Үнэхээр сонсох хүсэлтэй
- Өөрийн сонирхож, ойлгож буйг харуулдаг (биеийн хөдөлгөөн дохио зангаа)
- Ярьж буй хүн дээр бус агуулга дээр нь анхаарлаа төвлөрүүлдөг
- Ярьж буй хүний үгнээс гадна бодлыг нь ойлгодог
- Асууж хариултыг сонсоно
- Ярьж буй хүнд ч, сэдэвт нь ч эерэг ханддаг
- Яаравчлан дүгнэлт гаргахаас зайлсхийдэг
Сайн хийсэн ажлыг бүгд мэдэх ёстой
Оюутны өөрийн удирдлагын ажлыг хурал цуглаан дээр танилцуулах, захидал бичих, үзүүлэн гаргах, талархал илэрхийлэх, хэвлэл мэдээлэлд мэдээ гаргах, утас, микропон зэрэг боломжтой бүх аргаар мэдээлж түгээнэ.
Харилцан сайн ойлголцлын салшгүй нэг хэсэг бол болж буй үйл явдлын талаар бусдад мэдээлэх явдал юм. Оюутны өөрийн удирдлага нь оюутны эрх ашгийн төлөө ямар ч ажил хийхгүй байгаа бол чимээгүй байх нь дээр юм. Хамтын хүчээр бид ямар нэгэн чухал ажил хийсэн бол түүнийгээ аль болох олон хүнд мэдүүлэх талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Өөрийн удирдлагын ажлын амжилт бүр түүнд багш, оюутан, сургуулийн удирдлагыг холбоотон болгох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Мэдээллийн сайн сүлжээ нь таатай уур амьсгалыг бүрдүүлдэг бөгөөд энэ нь ирээдүйд шинэ ивээн тэтгэгч, холбоотон, багш, орон, ТБ-ууд, ТББ-уудын зүгээс тусламж үзүүлэх эх суурийг тавьж өгдөг.
Өөрийн ажлын талаар мэдээллийг хүргэх хүрээ хязгааргүй юм. Үүнд: доорх хүмүүс байгууллага байж болох юм.
- Оюутнууд
- Багш нар
- Сургуулийн захирал
- Эцэг, эх
- Бусад сургуулиудын удирдлага
- Ивээн тэтгэгчид (байгаа болон байж болох)
- ТБ-уудын удирдлага
- Хэвлэл мэдээлэл, ТV
Мэдээллийг аль болох ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүйгээр хүргэх ёстой. Сайн мэдээлэл нь дор дурдсан агуулгатай байна.
- Юу болов? Хэзээ? Хэн оролцов? гэсэн асуултанд хариулсан байх
- Ойлгомжтой үг хэллэгээр бичигдсэн байна.
- Цэвэр үзэмжтэй сонирхол татахуйц байх
- Тухайн цаг үеийн асуудлаар (хоёр жилийн өмнө хийсэн ажлын тухай мэдээлэх шаардлагагүй юм.) мэдээллэх
- Дэлгэрэнгүй мэдээлэл (Оролцогсдын нэр, ивээн тэтгэгчид талархал илэрхийлсэн байдаг г.м)
- Нэмэлт мэдээлэл авч болох эх үүсвэр, (нэр, хаяг, утас)
Мэдээллийн үйл ажиллагаанаас хэнийг ч орхиж болохгүй. Энэ нь асар их хөдөлмөр шаардсан, Оюутны өөрийн удирдлагын бүх идэвхтэн гишүүдийн хамтын, зохион байгуулалттай ажил юм.
 
Уулзалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
Оюутнуудыг уулзалтанд ирүүлэхийг хүсэж байгаа бол “Маргааш өөрийн удирдлагын хуралтай гэж битгий бичээрэй. Харин он, сар, өдөр, эхлэх цаг, хаана сэдэв үргэлжлэх хугацааг бич. Ямар хүмүүсийг урьж байгаагаа байнга санаж бай ингэснээр зарим нэгэн хувцасны өлгүүр хавиар зарим нь сургуулийн цайны газарт хүлээх, зарим нь бүр гэртээ харих зэрэг эвгүй байдлаас зайлсхийх болно.
Өөрийн удирдлагын ажлын ямар нэгэн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд сургуулийн захирал, орон нутгийн засаг дарга зэрэг өндөр албаны хүмүүстэй уулзахдаа дараах зүйлсийг анхааралдаа авна уу.
- Уулзалтын өмнө уулзах зорилгоо нарийвчлан тодорхойл. Үүнийгээ тэмдэглэж ав. Мөн бусад оюутнууд болон зөвлөх багштайгаа зөвлөлдөн хэлэлц
- Хэлэлцэх асуудлынхаа талаар бүхий л бололцоотой мэдээллийг цуглуул.
- Таны саналын талаар гарах асуултанд хариулахад бэлэн бай.
- Уулзалтын үед хэрэг болох бичиг баримтыг бэлд
- Уулзалтанд оролцох хүмүүсээ сонго (4 хүнээс илүүгүй)
- Уулзалтаа урьдчилан тохирч, хэлэлцэх асуудлын материалаа урьдчилан хүргэ
- Уулзалтаас 5 минутын өмнө бүгд цугларсан бай
- Биеэ авч явах байдлаараа тухайн асуудлынхаа чухлыг илтгэн харуул (хувцаслалт, эелдэг, нямбай байдал)
- Өөрийн саналын эерэг талаас гадна тулгарах бэрхшээлийг ухамсарлаж байгаагаа харуулж, түүнээс зайлсхийх арга замыг тайлбарла.
- Анхааралтай сонс. Харилцан ярилцаж буй хүнийхээ үзэл бодлыг ойлгохыг хичээж байгаагаа үзүүл.
- Хоёр талын эрх ашгийг хангасан шийд олохыг хичээ.
- Уулзалт дууссаны дараа шууд товч тэмдэглэл хий. Тавьсан зорилтондоо хүрч чадсан эсэхээ дүгнэ.
 
6. Хурал
Та бидний дунд хуралд сууж үзээгүй хүн бараг байхгүй биз ээ. Харамсалтай нь хурлууд нь ихэвчлэн удаан, уйтгартай, үр дүнгүй болдог. Өөрийн удирдлагын хурал нь дээрхээс огт өөр байж болох юм. Энэ хурал нь оролцогсдын эрх ашгийн төлөө асуудлаар шийдвэр гаргадаг хурал юм. Өөрийн удирдлага нь оюутнуудад хамааралтай чухал ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. Оюутны өөрийн удирдлагын хурлыг сонирхолтой, ажил хэрэгч, товч богино болгох хэдэн зөвлөгөөг танилцуулья.
Хуралд бэлтгэх
Хурлыг сайн явуулахын тулд урьдчилан сайтар бэлтгэх хэрэгтэй. Бэлтгэлийг дарга ,нарийн бичгийн дарга нар хариуцна. Хурлын өмнө тэд дараах ажлыг хийх ёстой.
Хурлын тов, газар болон хөтөлбөрийг оролцогчдод зарлах
Хурал нь хэнд ч гэнэтийн зүйл байх ёсгүй. Хүн бүр түүнд бэлтгэлтэй байна. Ингэхийн тулд оролцогсод хурал хэзээ болох (Хурал тогтмол нэг хугацаанд явагддаг бол зүгээр. Жишээ нь: Сар бүрийн 2 дахь долоо хоногийн Даваа гарагийн 16.00 цагаас г.м) мөн ямар асуудал хэлэлцэхийг мэдэж байх ёстой. Хурлын үргэлжлэх хугацааг мэдэгдсэн байвал сайн.
Хурлын байр бэлтгэх
Оюутны өөрийн удирдлага нь тэр бүр хурал явуулах байргүй байдаг. Гэхдээ хурлыг тохитой орчинд явуулахыг хичээх хэрэгтэй. Цай, ундаа, жигнэмэг зэргийг бэлдсэн байвал сайн. Анги танхимд таатай уур амьсгал бүрдүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Анги танхимд хуралдах тохиолдолд ширээ, сандлын байршлыг багш (эрх мэдэлтэн) оюутан (захирагдагсад) гэж ойлгогдохооргүйгээр зохион байгуулах хэрэгтэй.
Материал бэлтгэх
Хурлын явцад хэрэг болох бүх зүйлийг урьдчилан бэлтгэсэн байх ёстой. Үүнд протокол хөтлөх дэвтэр, сургуулийн дүрэм, Өөрийн удирдлагын дотоод журам болон хурлын хэлэлцэх асуудалтай холбоотой материалууд, тэмдэглэл хийх цаас, фломастер.
Гүйцэтгэх хорооны хурлын дэг
Гүйцэтгэх хорооны үндсэн ажил нь өөрийн удирдлагын өдөр тутмын ажлыг явуулахад оршино. Ийм учраас гүйцэтгэх хорооны хурлыг тогтмол хугацаанд явуулж байх хэрэгтэй (нэгээс доошгүй удаа) Хурлыг цэгцтэй явуулахад хурлын дэг журмыг баримтлах шаардлагатай.
Хурлын нээлт
Хурлыг байнга яг тогтоосон цаг хугацаанд эхэлж байна. Хоцрогдогсдыг хүлээхгүй. Хурлыг дарга нээж бүгдтэй нь мэндчилж, кворум (дотоод журмаар тогтоогдсон хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох оролцогсдын тоо) хангагдсан эсэх, нарийн бичгийн дарга протокол хөтлөж байгаа эсэх зэргийг шалгана. (Хурлыг заавал гүйцэтгэх хорооны дарга даргална гэлгүйгээр гүйцэтгэх хорооны гишүүд ээлжээр гүйцэтгэж болох юм.) Дараа нь хурал явуулах дэг болон хурлаар хэлэлцэх асуудлуудыг сануулна. Хуралд оролцогсод хурал эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлуудтай танилцсан байх ёстой (Хурлын материалыг урьдчилан тараагдсан, өмнөх хурлаар батлагдсан г.м) Шаардлагатай гэж үзвэл  оролцогсод хурлын хэлэлцэх асуудлын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Өмнөх хурлын протоколыг батлах
Хурлын эхэнд өмнөх хурлын протколыг уншиж танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл засвар оруулна. Эцэст нь батлаж гарын үсгээ зурна.
Мэдээлэл
Гүйцэтгэх хорооны гишүүд нь өмнөх хурлаас хойш хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийнэ. Жишээлбэл нарийн бичгийн даргад ирсэн захидал харилцаа, санхүүч санхүүгийн байдал, дарга захиралтай уулзсан тухай гэх мэт. Өмнөх хурлаас үүрэг , даалгавар авсан хүмүүс биелэлтийг танилцуулна. Тайлан мэдээлэл хийх нийт хугацаа 20 минутаас хэтрэх ёсгүй.
Дуусгаагүй ажил
Ямар нэгэн шалтгаанаар хойшлогдсон ажлуудыг дуусгавар болгохыг хичээнэ. Өмнөх ажлаа дуусгаагүй байж шинэ ажил эхлэх хэрэггүй
Шинэ ажил
Энэ нь голдуу хурлын хамгийн томоохон хэсэг болдог. Энд бид өөрийн удирдлагатай холбоотой бүх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана. (ажлын түр хэсэг, хороодыг байгуулах “А” Оюутанд шагнал олгох, үдэшлэг зохион байгуулах гэх мэт)
Чөлөөтэй саналууд
Хуралд оролцогсдоос хэн нэгэн нь ямар нэг зарлал, мэдээлэл хийх, эсвэл хурлын хөтөлбөрт ороогүй бусад, чухал биш u224 асуудлууд хэлэлцэхэд зориулагдсан хэсэг юм. Хөтөлбөрт тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж байснаас дараачийн хурал болтол хойшлуулах нь зүйтэй.
Хурлын хаалт
Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд хурлын хамгийн чухал хэсэг болно. Хурал нь төлөвлөсөн ёсоор явагдаж, удаан бөгөөд уйтгартай байгаагүй бол дараагийн хуралд гишүүд бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох болно.
Хурлын даргад өгөх зөвлөгөө
Хурлын даргын үүрэг нь киноны гол дүрийн жүжигчинтэй ижил төстэй биш . Харин хувиарийн дагуу галт тэргийг зохицуулж байгаа өртөөний жижүүрийн ажилтай төстэй юм. Хурал удирдах нь амар хялбар ажил биш юм. Дарга нь өөрийн удирдлагын дотоод журам, сургуулийн дүрэм болон боловсролын тухай хууль мэдэхээс гадна ямар ч нөхцөлд өөрийн тууштай, шударга, хүлээцтэй, тэвчээртэй, эелдэг байдаг зангаараа хуралд оролцогчдын итгэлийг олж авах хэрэгтэй. Сайн дарга гэдэг нь зөвхөн сайн биш шударга байх ёстой.
Ямар ч хурлыг удирдахад тус болох есөн зарчим
- Цагтаа эхлүүлэх нь амжилтын тал хувь нь юм
- Чухал зарчим: Нэг цаг мөчид - Нэг сэдэв - Нэг хүн.
- Хүн бүр санал дэвшүүлж болох юм. Гэхдээ тэр хүн хамгийн багаар өөр хэн нэг хүний дэмжлэг авсан байх ёстой.
- Цөөнхийг өөрийн санал бодлоо илэрхийлэх бололцоо олгохыг хичээ.
- Тухайн асуудлаар өөрийн саналаа хэлсэн хүн саналаа хэлэх хүсэлтэй бусад гишүүдийн дараа л дахин санал өгөх эрх авна.
- Мэтгэлцээний үед 2 талыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосны дараа санал хураалт явуул.
- Санал хураалт эхлэхээс өмнө санал хураах асуудал бүрийн утга агуулга хүн бүрт ойлгомжтой байх ёстой.
- Санал хураалтыг санал хураалтын дүнд хэн ч эргэлзэхгүйгээр явуулна.
- Хурлыг хугацаанд нь дуусгах.
Анхны сэтгэгдлээр хурал нь тасралтгүй санал хураалт мэт санагдана. Таны хурал ийм байх ёсгүй. Хурлыг зөвхөн үг хэлэх эрх өгдөг,
тасалдаг хэлбэрээр явуулдаг дарга нар байдаг. Та хурлыг өөр хэлбэрээр удирдаж болно.
Дарга пломастер авч “Би юу бичих вэ?” гэсэн асуултаар хурлаа эхэлж том цаасан дээр гишүүдийн дэвшүүлсэн санаа бүрийг бичиж бүгдэд харагдахаар өлгөнө. Болж л өгвөл их олон санаа бичихийг эрмэлзэнэ. Дараа нь гишүүдийг татан оролцуулж, өөрсдийн дэвшүүлсэн санаа шийдвэрээ томьёолохыг хүснэ.
Шийдвэр гаргах аргууд
Хичнээн хүн байна төчнөөн үзэл бодол байна. Нэг сэдвээр л гэхэд эрс тэс өөр үзэл бодол гарах тохиолдлууд байдаг. Ийм учраас ардчилсан байгууллагууд иймэрхүү тохиолдолуудад шийдвэр гаргах аргуудыг боловсруулсан байдаг. Хамгийн дэлгэрсэн арга нь санал хураалт юм. Гэхдээ энэ нь хурал дээр хэрэглэж болох цорын ганц арга ч бас биш юм. Зарим тохиолдолд шилдэг арга ч болж чаддаггүй.
Зөвшилцөл
Олон биш оюутнуудтай хамт олны хувьд санал хураалтын хувьд бүгд хүлээж авч болохуйц шийдэлд хүрэх нь илүү үр дүнтэй байдаг. Ийм шийдэлд хүрэх аргыг консенсус гэнэ. (компромисстой андуурч болохгүй асуудал шийдэх дундаж хувилбар). Бүгд санал нэгтэй баталдаг. Энэхүү аргын гол давуу тал нь аль ч тал өөрийгөө ялагдсанд ба хамтран баталсан шийдвэрээ эсэргүйцдэггүйд оршино. Консенсуст хүрэх үйл явц нь санал хураахаас илүү хэцүү, цаг их шаарддаг боловч гишүүд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлдгээрээ онцлогтой юм.
Санал хураалт
Санал хураалт явуулах маш олон арга байдаг.
Өдөр тутмын ажилд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хоёр аргыг доор санал болгов.
Гар өргөж, ил санал хураах арга
Энэ бол санал хураах үндсэн арга юм. Энэхүү арга нь дотоод журамд өөрөөр заагдаагүй болон нууц санал хураалтын тухай тусгагдаагүй тохиолдолд байнга хэрэглэгддэг. Гар өргөж ил санал өгөх арга нь дараах маягаар явагдана.
- Хэлэлцүүлэг дууссаны дараа хурлын дарга санал хураалтыг дараах үгээр эхэлнэ.
Дараах саналыг санал хураалтанд оруулж байна… (санал гаргагч болон саналын агуулгын талаар дурьдана.) Санал хураалт эхэлснээс авахуулаад дуустал өөр ямарч санал оруулж болохгүй.
- Дарга саналын агуулгыг дахин танилцуулж, бүгд ойлгосон эсэхийг лавлана.
Хэн саналыг дэмжиж байна вэ?
Хэн эсэргүүцэж байна вэ?
Хэн түтгэлзэж байна вэ?
хэмээн асууна. Санал өгөх эрхтэй хүмүүс гараа өргөнө. Ингэхдээ нэг л удаа өргөж болох бөгөөд хурлын дарга буюу өөр нэгэн эрх бүхий этгээд саналыг тоолно.
- Санал тоолж дууссаны дараа хурлын дарга өгсөн саналын тоог мэдээлж (жишээлбэл, дэмжсэн 12, эсэргүүцсэн 3, түтгэлзсэн 5), санал хураалтын дүнг зарлана. (Санал батлагдав эсвэл санал батлагдаагүй).
Санал хураалтын дүнг протоколд тэмдэглэж үлдээнэ.
Ил санал хураалтыг доорх тохиолдолд хэрэглэж болохгүй:
- Дотоод журамд өөрөөр заасан бол
- Асуудлыг нууц санал хураалтаар авахаар зарласан бол
- Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход
Саналын хуудсаар нууц санал хураах арга
Нууцаар санал хураалт нь дотоод журмаар зохицуулагдана. Нууц санал хураалтыг дараах тохиолдолд явуулна.
- Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход
- Хуралдагсдын 10-аас доошгүй хувийн саналаар
Нууц санал хураалтыг хуралд оролцогч оюутнуудаас сонгогдсон Тооллогын комисс (голдуу 2-3 хүн) явуулна.Саналын хуудсаар нууц санал хураалт явуулах дараалал нь доорх маягтай байна:
1. Комисс саналын хуудсыг бэлтгэнэ
2. Комисс хуралдагсдад санал хураалтын журмыг танилцуулж, саналын хуудсыг тараана.
Саналын агуулгаас хамаарч түүнд доорх тэмдэглэгээ хийнэ.
- Тийм үгүй эсвэл түтгэлзэж байна.
- Нэр дэвшигчийн нэрийг бичих буюу тогтсон журмын дагуу сонголтоо хийнэ. (хэрээслэн тэмдэглэх бусад нэр дэвшигчийн нэрийг дарах)
- Хуудсан дээрх нэр дэвшигчдийн алинд нь ч санал өгөөгүй, хуудас үрчийж үнгэгдсэн, сонгогчийн санал хоёрдмол утгатай, нэр дэвшигчдийн хэд хэдийг нь зурж дарсан эсвэл тооноосоо илүү гишүүн сонгосон гэх мэт тохиолдлуудад саналыг хүчингүйд тооцно.
1. Тооллогын комисс саналыг хайрцгаар хураана. (ОУЗ, Гүйцэтгэх хорооны хурал дээр жижиг цаасан хайрцаг , малгай зэрэг байхад хангалттай).
2. Саналыг зөвхөн тооллогын комиссийн гишүүд тусдаа, өөр газарт тоолно. (тусдаа өөр өрөөнд буюу танхимын нэг буланд).
3. Тооллогын комисс санал хураалтын үр дүн , тухайн нэр дэвшигчийн авсан буюу хувилбарын төлөө өгсөн саналын тоо, хүчингүй болсон саналын тоо, уг санал эсвэл нэр дэвшигч батлагдсан эсэхийг зарлана. Санал хураалтын үр дүнг протоколд тэмдэглэнэ.
4. Комисс саналын хуудсуудыг устгана.
Анхаар: Удирдах бүрэлдэхүүнийг сонгож байгаа буюу сургуулийн удирдлагатай хэлэлцээ хийх төлөөлөгч сонгох үед нэр дэвшигчид  тооллогын комисст орж болохгүй.
Энгийн албан тэмдэглэл:
Албан тэмдэглэл (протокол) нь байгууллагын үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болдог. Хуулийн үүднээс энэ нь мэдээлэл, зураг  зэргээс илүү бодит баримт юм.
Мэдээж үдэшлэг зохион байгуулж, Хүний эрхийн өдрөөр жагсаал хийдэг бол үүнд тэмдэглэл хөтлөх шаардлагагүй. Хэрэв та үнэхээр бодитой үйл ажиллагаа явуулж, өөрсдийн мөнгийг захиран хэрэглэдэг бол байгууллагын ажилд албан тэмдэглэл хөтлөх нь зайлшгүй хэрэгтэй юм. Албан тэмдэглэл нь Хяналтын хороонд гүйцэтгэх хорооны ажлыг хянах бололцоо олгож, дараагийн залгамжлагчид өмнө өөрийн удирдлагын үйл ажиллагаанаас чиг баримжаа авахад нь тус болдог.
УИХ-ын гишүүдийн болон томоохон хуралдаануудад оролцогсдын хэлсэн үг болгон тэмдэглэгдэж байдаг. Бидний тэмдэглэл маань үүнээс энгийн байж болно.
Ингэхдээ хуудас бүрийг дугаарлаж, дэвтрийн хавтсан дээр өөрийн удирдлагын тамгыг дарж:
…………. Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн Оюутны өөрийн удирдлагын гүйцэтгэх хорооны хурлын албан тэмдэглэлүүд гэж бичнэ.
Албан тэмдэглэлийн дэвтрийг гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга дээр хадгална. Тэрээр хурлын албан тэмдэглэл хөтлөлтийг хариуцдаг ба хурал болгон дээр заавал ч үгүй өөрөө бичиж хөтлөх шаардлагагүй (Гүйцэтгэх хорооны гишүүд ээлжээр хөтөлж болно.)
Өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусмагц тэрээр хурлын тэмдэглэлийн дэвтрийг өөрийн халааг авагчид шилжүүлж өгнө.
Албан тэмдэглэл бүхэн дараах зүйлсийг агуулсан байх ёстой:
- Хурал хэзээ болсон бэ?
- Хэн оролцсон бэ?
- Хэн удирдсан бэ?
- Протокол хэн хөтөлсөн бэ?
- Хурлаар ямар асуудлыг хэлэлцэв?
- Ямар шийдвэр гарсан бэ?
Албан тэмдэглэлийн эцэст хурлын дарга, тэмдэглэл хөтлөгч хоёр гарын үсэг зурна.
Хурлын үйл ажиллагааг дүгнэх
Хурал болгоны дараа хурал ямар болов гэдгийг дүгнэх нь зүйтэй. Ямар уур амьсгалд болов? Бид бие биендээ туслав уу? Хамтарч зорилгодоо хүрэхийг хичээв үү? гэх мэт.
Санал болгож буй өмнөх хуудсан дахь үнэлгээний хуудсыг хурлын төгсгөлд хамгийн залуу гишүүн тараана. Хүн бүр бие даан асуултанд хариулна. Бүгд бөглөсний дараа залуу гишүүн эргүүлж хурааж авна. Асуулт бүрийн тийм үгүйг тоолно. Гарсан дүнг дараачийн хурлын үеэр ханан дээр өлгөсөн байна
Энэ арга хэрэг болно шүү.
Бид өндөр уулын оройд гараад хэр зэрэг өндөрт гарснаа мэдэх гэж арагшаа хардаг билээ. Энэ замыг сонгож авсан нь зөв үү, буруу юу гэж боддог. Ингээд цаашдын авиралт, ирээдүйн аяллаа төлөвлөдөг. Үүнтэй нэгэн адил байдлаар оюутны зөвлөл ажиллах ёстой.
Ямар ч ажил үүргийг биелүүлэхийн өмнө бид бүх ажлаа нухацтай төлөвлөнө. Ажлын үе шат бүрийн дараа бид хаана байна вэ? гэдгээ дүгнэж байх хэрэгтэй.
Хурал ямар болов?
Хурлын уур амьсгал нөхөрсөг дулаан байв.
а. Тийм  б. Үгүй
Олон хүн түрэмгий шинжтэй байв.
а. Тийм  б. Үгүй
Оролцогчид хуралд идэвхгүй сонирхолгүй байв.
а. Тийм  б. Үгүй
Оролцогчид дарамт үзүүлж, хурлын явцыг хянахыг оролдов.
а. Тийм  б. Үгүй
Бидэнд туслалцаа мэдээлэл дутав.
а. Тийм  б. Үгүй
Сэдвээсээ их хадуурч байв.
а. Тийм  б. Үгүй
Оролцогчид бие биендээ эелдэг байв
а. Тийм  б. Үгүй
Бухимдуу буюу хурцадмал байдал мэдрэгдэж байв.
а. Тийм  б. Үгүй
Бүх асуудлаа хэлэлцсэн.
а. Тийм  б. Үгүй
 
Миний байдал
Би бүгдэд эелдэг нөхөрсөг байв
а. Тийм  б. Үгүй
Би нэг их идэвх гаргаагүй.
а. Тийм  б. Үгүй
Би өөрт ноогдсон даалгавар дээр анхаарлаа төвлөрүүлсэн.
а. Тийм  б. Үгүй
Би бүгдийг нь ярилцлагад татан оролцуулахыг хичээсэн.
а. Тийм  б. Үгүй
Би хурлын тодорхой нэг мөчид хурлыг гартаа авсан.
а. Тийм  б. Үгүй
Би саналаа үргэлж товч, тодорхой илэрхийлж байв.
а. Тийм  б. Үгүй
Би гол сэдвээсээ хадуурч байв.
а. Тийм  б. Үгүй
Би бухимдуу байв.
а. Тийм  б. Үгүй
Би түрэмгий, тэвчээргүй байв.
а. Тийм  б. Үгүй

7. Сонгууль
Удирдах бүрэлдэхүүнийг оюутнуудын дундаас оюутан өөрөө сонгодог. Ингэснээр өөрийн удирдлага нь үнэхээр оюутнуудын эрх ашгийг хамгаалдаг байгууллага болдог юм. ОУЗ, Гүйцэтгэх хороо, Хяналтын хорооны гишүүд зөвлөх багш нар болон бусад албан тушаалтан сонгох зарчмыг оюутны өөрийн удирдлагын дотоод журамд тусгаж өгсөн байдаг. Бусад янз бүрийн сонгууль явуулахад баримтлах онцгой зарчмуудыг сонгуулийн хураангуй журамд тусгаж өгч болно. Сонгуульд бэлтгэхдээ хэд хэдэн үндсэн зарчмыг санаж байх хэрэгтэй.
1. Сонгуулийн тухай бүх сонирхогч талуудад мэдэгдсэн байх шаардлагатай. (сонгох эрхтэй оюутнууд, нэр дэвших шаардлагтай хүмүүс)
2. Сонгууль явуулах журам нь энгийн бөгөөд тодорхой байна. Сайн журам нь үл ойлголцох болон сөргөлдөөнт байдлаас сэргийлж чаддаг.
3. Нэр дэвшигчийн тоог хязгаарлаж болохгүй. Хэтэрхий олон нэр дэвшигч нь тооллогын дүнд бэрхшээл учруулдаг. Гэвч энэ нь ардчиллын үнэ цэнэ юм.
4. Сонгуулийн үед сонгогч нэг л удаа санал өгөх эрхтэй. Санал болгон адил тэгш эрхтэй.
5. Бүх нэр дэвшигчид өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө танилцуулах үүрэгтэй. Мөн тэд сурталчилгааны ажил явуулах эрхтэй.
6. Нэр дэвшигчид нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн байх ёстой. Хэнийг ч өөрийнх нь хүслийн эсрэг, зөвшөөрөлгүйгээр дэвшүүлэх ёсгүй.
7. Удирдах бүрэлдэхүүний сонгууль нууцаар явагдана. Сонгуулийн комиссоос бэлтгэсэн саналын хуудсаар саналаа өгнө.
8. Сонгуулийг сонгуулийн комисс эсвэл тооллогын комисс явуулна.
9. Нэр дэвшигч эдгээр комиссийн гишүүд байж болохгүй.
10. Сонгуулийн дүнг мэдээлэхдээ нийт саналын тоо, хамгийн их санал авсан нэр дэвшигчийг зарлана.
 
Сонгуулийн үлгэрчилсэн хуанли
  9-р сар
  - Ангийн өөрийн удирдлагын сонгууль
  - ОУЗ-ийн сонгууль
  - Сонгуулийн комиссийн сонгууль
  10-р сар
  - Хяналтын комиссийн сонгууль
  - Сургуулийн удирдах зөвлөлд төлөөлөгчдийг сонгох
  11-р сар   -
  12-р сар   -
  1-р сар   -
  2-р сар   -
  3-р сар
  - Гүйцэтгэх хороог сонгох дэг журмыг зарлах
  - ГХ-ны дарга болон гишүүдэд (баг) нэр дэвшигчдийг бүртгэх
  4-р сар   - ГХ-ны дарга, гишүүдийг сонгох сонгууль
  5-р сар
  - Оюутнуудын өөрийн удирдлагын зөвлөх багшийг сонгох сонгууль
 
Сургуулийн удирдах зөвлөлд Оюутны төлөөллийг сонгох нь
1. Сонгуулийн сурталчилгаа
- Сургуулийн удирдах зөвлөлд суралцагсдын хамт олноос төлөөлөл сонгох хурлыг хуралдуулах хугацааг 21-30 хоногийн өмнө ОӨУ товлож нийтэд зарлана.
- Энэ хугацаанд анги бүрт удирдах зөвлөлийн дүрэм, зорилго, бүтэц, үйл ажиллагааны чиг үүргийн талаар сурталчилан таниулж тайлбарлах ажлыг Оюутны удирдах зөвлөл, анги удирдсан багш нартай хамтарч зохион байгуулна.
- Анги бүрээс Сургуулийн удирдах зөвлөлд нэр дэвшигчийн тодруулах хурлыг 7-10 хоногт багтаан хийнэ.
- СУЗ-д нэр дэвшигчид тус бүрдээ өөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж суралцагсдад сурталчилах үйл ажиллагаа явуулна.
- Нэр дэвшигчид суралцагсдаас сургуулийн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэх бодлогын чанартай асуудлаар санал асуулга явуулна.
2. Сонгуулийн комисс
- Сонгуулийн комиссыг сургуулийн захиргаа, ОУЗ-тэй хамтарч байгуулна.
- Сонгуулийн комисс нь сонгууль явуулах дэг журмыг боловсруулж нийтэд мэдээлнэ.
- Нэр дэвшигчийг оролцуулсан оюутнуудын хурлыг зохион байгуулна.
- Санал өгөх оюутнуудын нэрсийн жагсаалт гаргаж санал хураах хуудас тараана.
- Нууцаар санал хураах тохиолдолд битүүмжилсэн хайрцаг, санал өгөх тасалгаа зэргийг бэлтгэнэ.
- Саналын хуудсыг тоолж, протокол үйлдэн сонгуулийн дүнг нийтэд зарлаж мэдэгдэнэ.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 533 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.