 Иргэдээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нэгдүгээрт, иргэдийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, гарч байгаа алдаа дутагдал, зөрчил гажуудлыг арилгах, хоёрдугаарт, өөрсдийнхөө зөрчигдсөн эрхийг сэргээж, төрөөр хамгаалуулах, гуравдагуурт, хууль ёс, нийгмийн хэв журмыг сахиулах талаар иргэн, төр хоёрын харилцааны тэгш эрхийн хэрэгжилтийн чухал механизм юм. Үүгээрээ иргэдээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрх бол иргэдийн улс төрийн эрхийн нэг төрөл болдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан юм.
Иргэдийн өргөдөл, гомдлоо өгөх төрийн байгууллага гэдэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэх тогтолцоонд багтдаг дээд, төв болон орон нутгийн анхан дунд шатны бүх байгууллага хамааарх бөгөөд албан тушаалтан гэдэгт төр, засгийн бүх төрөл шатны байгууллагад сонгууль буюу томилолтоор байнга буюу түр, улс төрийн, тусгай болон төрийн захиргааны албан тушаал эрхлэж байгаа хүмүүс юм.
Иргэдээс улс нийгмийн ач холбогдолтой аливаа асуудлаар төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хандаж байгааг өргөдөл гэж нэрлэдэг бөгөөд тэр нь санал, хүсэлт, мэдээлэл, мэдэгдэл, шаардлага зэрэг аль ч хэлбэртэй байж болно.
Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа иргэний хууль ёсны эрх, эрх чөлөө, бусад ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж уг шийдвэр буюу үйл ажиллагааг өөрчлүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг гомдол гэж нэрлэдэг.
Иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан өргөдөл гомдлоо бичгээр буюу эсхүл үгээр /амаар/ аль ч хэлбэрээр гаргах эрхтэй.
Өргөдөл гомдлоо бичгээр гаргаж байгаа иргэн өөрийн мэдүүлж байгаа зүйлээ туйлын тодорхой бөгөөд аль болох товчоор бичиж, тэр бүгдийн эх сурвалжийг заасан байхаас гадна өөрийн нэр, хаягийг тодорхой бичсэн байх ёстой. Хэн бичиж байгаа нь мэдэгдэхгүй, харилцах хаяггүй /нэргүй/ өргөдөл гомдлыг төрийн байгууллага, албан тушаалтан шалгаж шийдвэрлэх үүрэггүй.
Иргэд бусдыг зориуд санаатай гүтгэсэн, үймээн самуун дэгдээх буюу танхайн сэдэлтээр худал мэдээлэл өгсөнөөс бусад тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргасныхаа төлөө ямар нэг хэлбэрийн хариуцлага хүлээх учиргүй.
Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан байгууллага, албан тушаалтан уг асуудлыг заавал хуульд заасан журмын дагуу шалгаж бодитой шийдвэрлэж, зохих хугацаанд нь хариу өгөх үүрэгтэй.
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх асуудлууд хуулиар зохицуулагддаг юм.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ
ХУВИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ, ДОКТОР (Sc), ПРОФЕССОР Г.СОВД |