|
Эдгээр эрх, эрх чөлөөний дотор иргэний эдийн бус амин хувийн эрх чухал байр суурь эзэлдэг. Энэхүү эрхийг янз бүрийн салбарын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулан баталгаажуулж байна. Иймээс иргэний эдийн бус амин хувийн эрх нь олон салбарын эрх зүйн хэм хэмжээг нэгтгэсэн эрх зүйн нэгдмэл институт юм. Энэ эрхийг зохицуулж хэрэгжүүлэхэд иргэний эрх зүй, иргэний эрх зүйн хэм хэмжээ зохицуулалтын төдийгүй баталгаажуулалтын онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Иргэний хууль тогтоомж иргэний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, шүүхээр хамгаалахад иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчим дээр үндэслэгдсэн байдаг. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно.
Хүний эрх, эрх чөлөөг онц болон дайны байдал зарласан тохиолдолд гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж Үндсэн хуульд заажээ.
Иргэний эдийн бус амин хувийн эрхийн иргэний эрх зүйн зохицуулалтын онцлог нь иргэний эрх зүйн зохицуулах зүйлээр тодорхойлогдоно. Иргэний хууль тогтоомж нь иргэний гүйлгээнд оролцогчдын эрх зүйн байдал, өмчийн эрхийн үүсэх дуусгавар болох үндэслэл, түүний дотор оюуны өмчийн эрх зүйн зохицуулалт, эдийн ба эдийн бус баялгийн эрх, иргэдийн эдийн бус амин хувийн эрхийг тодорхойлж хамгаалалт баталгааг бий болгодог.
Хувийн амьдралын халдашгүй байх (захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууцыг хамгаалах) эрхийг хуулиар хамгаалдаг. Иргэний эд хөрөнгийн бус эрхийг иргэний эрх зүйн агуулгаар авч үзвэл энэ нь иргэний эд хорөнгийн бус эрхийг иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсны дүнд үүсч буй иргэний субъектив эрх юм. Энэ чиглэлээр тодорхойлбол энэ эрх цэвэр хувийн шинжтэй эрх юм. Ийм учраас эдгээр эрхийг бусдад шилжүүлж болохгүй бөгөөд тухайн иргэнээс салгаж ойлгохын аргагүй. Нөгөө талаас энэ эрхийг иргэний онцгой эрхийн түвшинд авч үзэхээс өөр аргагүй.
Иргэдийн эдийн бус амин хувийн эрх нь эдийн баялагтай холбогдолгүй бөгөөд иргэний төрөлхөөс эдлэх ёстой эрх гэж хэлж болно. Энэ эрх нь туйлын эрхэд хамаарна. Эрх эзэмшигч этгээдийн эсрэг тодорхой бус хүрээний хүмүүс байдаг бөгөөд тэдгээр нь энэ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй. Энэ бүхнээс үзэхэд иргэдийн эдийн бус амин хувийн эрх нь иргэний эрх зүйн бие даасан субъектив эрх гэж хэлж болно.
|