|
Агаарын давхаргын Эрүүгийн хууль тарж үйлчлэх дээд хязгаар ямар хэмжээтэй байх талаар эрдэмтэд судлаачид өөр өөр байр суурьтай байна. Тухайлбал, Академич С.Нарангэрэл гадаадын зарим орны хуульд үндэслэл нэлээд улс гүрний хуульд аливаа улсад харъяалагдах агаар мандлын дээд хязгаарыг газрын хөрснөөс дээш 60-аас 150км-ээр авах нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон байхад Профессор Г.Совд, "Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд ордог агаарын давхаргын өндрийн хэмжээг олон улсын хэлэлцээрээр тогтсон сансар ертөнц хүртэл ойлгож эзэмших учиртай. Сансарын мандал бол олон улсад ашиглагдах ёстой" гэж үзжээ.
Харин "Сансрын уудмыг шинжлэх судлах улсуудын үйл ажиллагааны зарчмын тухай" олон улсын хэлэлцээрт зааснаар сансрын уудамд илгээсэн өөрийн объект болон экипажийн хувьд тухайн улсын хууль үйлчлэх журам байдаг.
Ус гэдэг нь мөрөн, гол, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөсөн гол, байгалийн болоод хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи уснаас бүрдэх бөгөөд байгаль орчин болон газар нутгийн салшгүй хэсэг болж хуулиар хамгаалагдаж буй байгалийн объект, дэлхийн усан мандлыг хэлнэ.
Улсын хилийн шугам дайран өнгөрч байгаа гол, мөрөн, горхи болон гадаргын бусад усыг хилийн ус /усан хил/ гэнэ. Усан хилийн торгон шугамаас дотогш орших хилийн ус нь Монгол улсын нутаг дэвсгэрт хамаарна.
Гадаад далайгаар хиллэдэг улсын усан хилийг тухайн улсын нутаг дэвсгэрийн хуурай газрын захаас цааш 12 миллийн өргөнтэй хэмжээгээр тогтоох бөгөөд энэ хавийн усыг тэр улсын эрэг хавийн ус гэж нэрлэх ба түүн дээр тухайн улсын эрүүгийн хууль үйлчилдэг нийтлэг жишиг олон улсын хэмжээнд нэгэнт тогтжээ.
Дотоодын ус гэдэг ойлголтод тухайн орны нутаг дэвсгэрт тогтсон далай, нуур, хоолой, гол мөрөн, булаг шанд хамаарна. Хар ус, Хөвсгөл, Буйр зэрэг нуурууд болон Ховд, Хэрлэн, Сэлэнгэ гэх мэт гол мөрнүүд манай улсын нутаг дэвсгэрт оршин байгаа учир тэдгээрийн усан дэвсгэрт манай эрүүгийн хууль үйлчилнэ. Зарим тохиолдолд, тухайлбал, Буйр нуур нь БНХАУ, манай улсын хилийн зааг дээр оршдог, Хэрлэн, Сэлэнгэ зэрэг мөрнүүд манай улсын нутгаас эх авч Хятад, Орос улсуудын хил дамнан гадагш урсдаг тохиолдолд тэр нь нуур, гол, мөрнүүдийн манай улсын нутаг дэвсгэрт багтах тэр хэсэгт л манай эрүүгийн хууль үйлчилнэ.
Усан хил гэдэг нь гадаад томоохон далайтай хуурай газар нь залгасан, тухайлбал, хөрш ОХУ, БНХАУ, Япон зэрэг орнуудад хамаарна. Манай улс гадаад далайд гарцгүй орон болохын хувьд усан хилийн тухай асуудал төдийлөн үүсдэггүй боловч энэ асуудал олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хэрхэн зохицуулагдаж байгааг товч боловч авч үзэх шаардлагатай юм.
Далайн эрх зүйн тухай 1982 оны олон улсын конвенц нь нутаг дэвсгэрийн далай /нуур/, эх газрын хормой, залгаа бүс, нээлттэй далайтай холбогдох асуудлыг иж бүрэн зохицуулжээ. Тухайлбал, Дотоод ус, нутаг дэвсгэрийн далайгаас гадагш орших усан мандлыг нээлттэй далай гэнэ. Далайн боомт, тохой, оргих нуур, гол мөрөн, сувгийг дотоод далайн ус гэнэ. Дотоод далай бол эргийн улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн хэсэг юм. Эргийн улс энд өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, эрх зүйн дэглэмийг, тухайлбал, гадаадын далайн хөлөг онгоц нэвтрэн орох журмыг хуульчлан тогтоодог журамтай. Улс гүрний далайн эрэг буюу дотоод далайн устай зах нийлсэн бөгөөд түүний бүрэн эрхэд орших далайн бүсийг нутаг дэвсгэрийн далай гэнэ. Нутаг дэвсгэрийн далайн гадаад хязгаар нь улс гүрний далайн хил болно. Нутаг дэвсгэрийн далайн өргөнийг далайн усны хамгийн их татралын шугамаас эхлэн далайн 12 мильд багтааж улс гүрэн өөрсдөө тогтооно. |