Эрүүгийн хууль тодорхой орон зайд үйлчлэх гэдэг нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч түүнийг тодорхой газар нутаг дээр хэрэглэх үйл явц юм. Эрүүгийн хууль орон зайд үйлчлэх нь нутаг дэвсгэрийн зарчмаар дамжин хэрэгждэг. Энэ зарчмын агуулгыг Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ" гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тарж үйлчлэх газар нутгийн хүрээ хязгаар нь тодорхой улсын газар нутагтай холбоотойгоор тайлбарлагдана. Олон улсын эрх зүйд зааснаар тодорхой нэг тусгаар улсын нутаг дэвсгэр гэдэг нь тодорхой улс газар нутгаа эзэмших дээд эрхээ хэрэгжүүлж байгаа дэлхийн бөмбөрцгийн нэгхэсэг юм.
Аливаа улсад хамаарах нутаг дэвсгэр нь бусад хөрш зэргэлдээ улсуудын нутгаас зааглан тогтоосон хилийн шугамаар тодорхойлогдоно.
Монгол улсын хилийн тухай хуулийн 3-р зүйлд "Монгол улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол улсын хил гэнэ" гэж тодорхойлжээ. Энэ шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.
Эрүүгийн хуулийн тарж үйлчлэх газар нутгийн хэмжээ хязгаарыг Монгол улсын нутаг дэвсгэр, хилийн гаднах нутаг дэвсгэр гэжангилж болно. Манай улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчдийн эзэмшил нутаг, төрийн далбаа мандуулсан усан онгоц, агаарын хөлөг гэсэн төрөлд ангилан авч үзэж болно.
Монгол улсын газар нутаг нь хуурай газар, газрын хэвлий, агаарын зай, ус гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Хуурай газар гэдэг нь Монгол улсын газрын тухай хуульд заасан газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга бүхий байгалийн объект юм.
Газрын хэвлий гэдэг нь өнгөн хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн газар доорхи барилга байгууламж/ байгаль орчны бүрдэл хэсэг болж хуулиар хамгаалагдах байгалийн объект юм. Газрын хэвлий нь түүний онгон хөрсний мандал, бусад халуун лав, цааш цөм буюу төвд хүртэл үргэжилнэ гэж үздэг. Орчин үед газрын хэвлийн гүний хэмжээг ашигт малтмал хайж, олборлож болох техникийн боломжоор тодорхойлж байна.
Агаар гэдэг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвчийг хэлнэ.
Агаарын зай гэдэг нь Монол улсын нутаг дэвсгэрээс дээш бусад улсуудтай залгаж байгаа хилийн шугамаас дотогш хийн бүрхэвч болох байгалийн объект юм. Олон улсын хэмжээнд агаарын хил хязгаарын асуудлыг 1919 оны Парисын болон 1944 оны Чикагогийн конвенциудаар зохицуулж иржээ. Эдгээр олон улсын конвенциудад улс бүр өөрийн газар нутгийн дээрх агаарын зайг эзмших онцгой бүрэн эрхтэй болохыг журамласан.
Гэвч одоог хүртэл аливаа улсын нутаг дэвсгэрийн дээрх агаарын давхаргын дээд хэмжээг тогтоосон журам гараагүй байна. Ер нь агаарын зай тухайн улсын нутаг дэвсгэрийн зайлшгүй хэсэг болохын хувьд түүний дээд давхаргын хэмжээг сансрын уудмаас ялгаж тогтоох асуудлыг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон байх шаардлагатай.
|