 Алдарт сэтгүүлч Жозеф Пулитцерийн бий болгосон Америкийн эртний хэвлэлийн компанийн нэг болох "Pulitzer Inc" өрсөлдөөнийг дааж чадалгүй Америкийн "Lee EnterPrises" компанид 1.46 тэрбум доллараар зарагдан бөөн шуугиан тарьж байсан нь саяхан. Энэ компани Пулитцерийн үр садыг 100 гаруй жил баян тансаг амьдрах эх ундарга болж байсан билээ. Ж.Пулитцерийг орчин үеийн сэтгүүл зүйг үндэслэгч гэж үздэг нь оргүй ч зүйл биш ээ. Унгарт төрсөн Пулитцер дайнд гавьяа байгуулан нэр төр олохоор АНУ-ын хөлсний цэрэгт элссэн байна. Гэтэл дайн дуусч тэрээр олон мэргэжил сольсоор сурвалжлагч дараа нь улс төрч болсон аж. Тэрээр өөрийн гэсэн сонинтой болсныхоо дараа шинэ мэдээ, ямар нэр өгөх, хөмсөг хэрхэн тавихыг болон сонинг ямар байдлаар хэвлэх тухай өнөө үед бидний мөрдөж буй зарчмыг анх санаачилсан билээ. Пулитцер мөн мэргэжлийн сэтгүүлчийн анхны их сургуулийг байгуулсан бөгөөд хожим нь тэргүүний сэтгүүлчдэд өгдөг өөрийн нэрэмжит шаганалыг бий болгосон юм. Түүний сонин хэдэн саяар борлогдох болсон оргил үедээ тэрээр биеийн байдлаас болж дуу чимээнээс тусгаарласан өрөөнд хэвтэж байсан гэдэг.
1866 онд англи хэл маруухан мэддэг, халагдсан цэрэг Жозеф Пулитцер ажил хайн, герман хэлээр гардаг өөрийн дуртай "Westliche Post” сониноос Луизиана мужид тамхины тариаланд хөлсний ажилтан авах зарлал олж уншсан аж. Тамхины тариаланд ажиллах ажилчдыг Миссисипи мөрнөөр зөөвөрлөж байжээ. Ажилтай болно гэсэн найдвар тээсэн тэднийг хотоос 50 км зайтай хөвж явахад, хөлгийн ахмад тамхины тариаланд ажилчид хэрэггүй болсныг мэдэгдсэн байна. Ахмад тэндээ хөөрхий ажил хайгчдыг буулгаж орхиод цааш хөвж одсон аж. Уурлаж хорссон Пулитцер өөрийн сэтгэгдлийг "Westliche Post” сонинд өгсөн нь хэвлэгдэж энэ нь түүний анхны хэвлүүлсэн зүйл болжээ.
Жозеф Пулитцер 1847 оны дөрөвдүгээр сарын 10-нд Унгарын Мако хотод төрсөн байна. Түүний эцэг нь үр тарианы худалдаачин жүүд, эх нь цэвэр герман цусны, католик шашныг ягштал шүтдэг эмэгтэй байжээ. Хэдийгээр өөр өөр шашинтай боловч эцэг эх нь бие биендээ үнэн сэтгэлээсээ хайртай байсан гэдэг. Эх нь харин хүүхдүүдээ өөрийн шашнаар хүмүүжүүлнэ гэсэн байр суурин дээр бат зогсдог байсан учир Жозефийг ахтай нь шашны сургуульд оруулсан байна. Харин Жозеф шашинд ямар ч сонирхолгүй нэгэн байсан болохоор түүнийг удалгүй Будапешт хотын дээдсийн хүүхдүүдийн сургуульд шилжүүлсэн гэдэг.
Хэдийгээр эцэг эх нь ихээхэн найдлага тавьдаг байсан боловч Жозеф аавынхаа хойчийг залгамжлагч болсонгүй. Эв хавгүй, удаан хөдөлгөөнтэй 190 см өндөр залуу зөвхөн дайнд гавьяа байгуулахыг л хүсч байсан аж. Дунд сургуулиа төгсөнгүүт тэрээр эхлээд Австри дараа нь Францын армид орох гэж оролдсон байна. Харин түүний хараа муу бас "сульдаа биетэй" гээд аль ч армид аваагүй гэдэг. Тэр үе буюу 1861-1865 онд АНУ-д иргэний дайн болж байлаа. Ихэнх баячуудын хүүхдүүд өөрийн оронд бусдыг хөлслөн явуулж цэргийн албанаас мултардаг байжээ. Жозеф ийнхүү АНУ-д ирж 17 насандаа хойд армийн хөлсний цэрэг болсон байна. Жозеф өмнөдийнхөнтэй Нью-Йоркийн нэгдүгээр морьт суманд байлдагчаар байлдаж байжээ. Гэтэл жилийн дараа дайн дуусаж түүнийг уг дуугуй халж орхисон байна. 18 настай Пулитцер ийнхүү хөсөр хаягдах нь тэр.
Тэрээр ачаа ачигч, хоол зөөгч, үхэр туугч, өмгөөлөгчийн туслах л таарсан болгоноо хийж явав. Ажил хайн хотоос хот дамжсаар Сент-Луис хотод холер өвчин ид гаарсан үед нь Жозеф очиж таарсан байна. Харин үхэл нүүрлэсэн энэ хотод түүнд ажил олдсон аж. Учир нь үхэгсдийг албаны дарга өөрөө оршуулагдах болчихоод байжээ. Пулитцер ажлынхаа дараа номын санд тогтмол очдог байжээ. Энд тэрээр шатар тоглож байхдаа герман хэлээр гардаг "Westliche Post” сонины эрхлэгч Карл Шури, редактор Эмил Прсториус нартай танилцсан аж. Хэдэн сарын дараа тэд Жозефийг сониндоо сурвалжлагчаар ажиллах санал тавьсан байна.
Эхлээд Пулитцер ямар нэгэн амжилтад хүрэхгүй л байв. Редакторуудаас тэрээр англи хэлэнд муу, шар мэдээний үнэн худлыг сайн шалгадагтүй, хэтэрхий тэвчээргүй гэсэн зэмлэл байнга хүртдэг байсан аж. Иймээс хамтран ажиллагсад нь түүгээр байнга доог тохуу хийдэг байжээ. Пулитцер ажилдаа сонирхолтой байсан учир тэрээр хурдан хугацаанд хэрэгтэй болгоныг сурч амжиж байлаа. Жилийн дараа тэрээр хэрэгтэй гэсэн мэдээгээ олж чаддаг сэтгүүлч хэмээн алдаршсан байна. "Бүхэнд хамаарах сонирхолтой мэдээг жинхэнэ сэтгүүлчээс бусад нь анзаардаггүй" хэмээсэн зүйр үгээр тэрээр өөрийнхөө амжилтыг тайлбарласан байдаг. Нэгэнт сайн сурвалжлагч болсон тэрээр гурван жилийн дараа гэхэд Сент-Луис хотын нэртэй хүмүүсийн нэг болсон гэдэг. 1869 онд түүнийг Миссури мужийн хууль сахиулах хорооны гишүүнээр сонгожээ. Энд тэрээр банк болон банктай холбоотой хэрэг хариуцсан нарийн бичгийн даргын алба хашиж хажуугаар нь сониндоо сурвалждагчаар ажилласаар байлаа. 1870 онд тус хорооны дарга албан тушаалаасаа огцорч оронд нь Пулитцерийг өөрөө ч мэдээгүй байхад нь сонгочихсон гэдэг.
|