Ангилал
Эх сурвалж
Зөвлөгөө
Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд түүнийгээ бусдаас нуух тун хэцүү. Таныг бага зэрэг мэддэг хүн л яаж байгааг чинь анзаарна. Тиймээс бусдад оньсого ...
Та ажлынхаа хувийн зохион байгуулалтад хэр зэрэг болохоо мэдье гэвэл дараах сонжоонд эргэлзэхгүйгээр шууд хариулаарай.
Өгөгдсөн 10 асуултанд хариулахдаа: ...
Энэхүү 13 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй. Гэвч эдгээр ...
 
Суутнууд » Шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, зохион бүтээгчдийн түүх
Нийт: 21 - 20 « Өмнөх  |  Дараах »
СУУТ ПОТЕЛМОЙ
2011 оны 05 сарын 06 өдөр
Клаудиус Потелмой МЭ 90 онд Египет дахь Ромын эзэнт гүрний эзэмшлийн Александр хотод мэндэлжээ. Потелмой математикч, одон оронч, газарзүйч, зурхайч, шүлэгч гээд олон төрлийн авъяастай хүн байлаа. Тэрбээр МЭ 168 онд аугаа их хаан Александр Македоны байгуулсан цөл дундах Александр хотод насан эцэслэжээ.
 
Потелмой амьд ахуй цагтаа маш олон шинжлэх ухааны бүтээл туурвисан бөгөөд түүний гурван бүтээл нь Исламын болон Европийн шинжлэх ухааны салбарт жинтэй хувь нэмэр оруулсан байдаг.
 
Түүний анхны бүтээл болох “Mathematical Treatise” нь математикийн эрдэм шинжилгээний тухай, хоёр дахь нь “Geography” буюу тухайн үеийн Грек-Ромын эзэнт гүрний газарзүйн талаарх гайхалтай бүтээл бий. Харин гуравдахь бүтээл нь “Apotelesmatika” гэдэг нэртэй одон орны талаар маш их сонирхолтой бүтээл туурвиж байжээ. Потелмойн хамгийн сүүлчийн бүтээл нь одон орны зурхайн онолын талаар бичсэн байдаг ажээ. Уг бүтээл нь эртний Грекийн гүн ухаантан Аристотелийн байгалийн гүн ухааны судалгаа шинжилгээтэй өрсөлдөхүйц хосгүй бүтээл байсан юм.
 
Кладиус гэдэг нь түүний Ром нэр байсан бөгөөд жинхэнэ нэрийг нь Потелмой гэдэг байсан юм. Тэрбээр Ромын эзэнт гүрний харъяат иргэн байжээ. Потелмой амьдралынхаа ихэнх жилийг МЭӨ 323 онд ид сэргэн мандаж явсан Аугаа их Македоны Александр хааны байгуулсан цөлийн гайхамшигт хот Александр хотод өнгөрүүлжээ.
 
Потелмой хэдий Ромын иргэн байсан боловч эртний Грекийн Египетэд ууссан холимог соёлоор хүмүүжсэн нэгэн байв. Потелмой латин хэлнээс гадна араб хэл бичгийг маш сайн мэддэг байжээ. Түүнийг заримдаа Арабын одон оронч, газарзүйч мөн физикч Батлаямус ч хэмээн нэрлэдэг байв.
 
Одон орон судлаач
Дундад зууны үед туурвигдсан одон орны бүтээлүүд дээр эртний одон орончдын ихэнх зүйлийг тэмдэглэсэн байдаг. Бабилионы одон орончид эгэл жирийн бус үзэгдлийг тайлахаар арифметик аргуудыг хөгжүүлсэн байдаг. Ялангуяа эртний Грекийн одон оронч Хиппаркусын огторгуйн хөдөлгөөнүүдийг геометрийн аргаар томъёолсон загварыг нь Бабилиончууд өргөн хэрэглэдэг байжээ.
 
Хамгийн анх МЭӨ 400-аад оны үед эртний грекийн гүн ухаантан Платон амьдралынхаа олон жилийг одон орон судлахад зориулж, үүнийгээ шавь Аристотельдоо сургаж, хойч үед үлдээсэн. Харин Аристотелийн дараагийн үеийн шавь нар нь түүний судалгаануудад нухацтай хандаж байв. Тэдгээрийн дотроос Хиппаркус нэлээд нарийн судалгааны үндсэн дээр гариг эрхсийн загвар гаргасан байна. Хиппаркусын одон орны загварыг Потелмой цааш улам хөгжүүлсэн нь дундаж зуун хүртэл хүчтэй нөлөөтэй байсан билээ.
 
Потелмойгийн өөрийнх нь зохион бүтээсэн одон орны загвар нь ширээн дээр дэлгэн харж болох бөгөөд гариг эрхсийн өнгөрсөн, одоо, ирээдүйн байрлалуудыг тодорхойлоход их тохиромжтой байжээ.
 
Дундад зууны үеийн олон бүтээлд Потелмойн зохиосон одны жагсаалтыг дэлгэн тавьсан байдаг бөгөөд уг бүтээлүүд Хиппаркусын бүтээсэн хувилбар, мөн орчин үеийнхний хэрэглэдэг жагсаалттай яг таарч байдаг байна. Тус жагсаалтанд нийт 48 төрлийн одны ордыг тэмдэглэсэн байдаг .
 
Дундад зууны үеийн судалгаануудын ихэнх нь Араб хэл дээр уламжлагдсан байдаг. Учир нь тухайн үед Арабын шинжлэх ухааны нэр хүнд өндөр байсан аж. Судлаачид тус бүтээлүүдийг 12-р зуунаас Латин болон Испани хэл рүү хөрвүүлж эхэлжээ.
 
Потелмойн гариг эрхсийн загварыг эртний Грекийн мэргэд тэр дундаа түүний өвөг эцгийнх нь бүтээл байсан гэх яриа бий. Тэдгээр бүтээлүүдэд орчлон ертөнцийн төв бол дэлхий хэмээн өгүүлсэн байв. Энэ үзэл дэлхий нарыг тойрдог, нар төвтэй гэх ойлголт гарч ирэх хүртэл байр сууриа алдаагүй юм.
 
Потелмойн дэлхий бол орчлон ертөнцийн төв хэмээсэн дүгнэлт тухайн үеийн санваартнууд болоод төрийнхөнд ихэд таашагдаж байлаа. Гэвч түүний онол худлаа болох нь тогтоогдсон. Зарим эрдэмтэд түүний ийнхүү дэлхий төвтэй загвар бүтээсэн нь шашинтай холбоотой байсан байж болох гэж дүгнэдэг.
 
Учир нь тухайн үеийн Христийн номлолд дэлхий бол амьдрал байж болох бурхны ивээгдсэн цор ганц гариг хэмээн үздэг байсан аж. Хожмоо түүний энэ загварыг Польшийн нэрт эрдэмтэн Николай Коперник “нар төвтэй” болгон өөрчилж, орчин үеийн одон орон судлалын ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч түүнийг шашин, нийгмийн тэрс үзэлтэн хэмээн буруутгаж амь насыг нь бүрэлгэсэн. Үүний дараагаар Германы эрдэмтэн Иоханис Кеплер дундад зууны үед шашнаар дулдуйтсан мухар сүсгийг шинжлэх ухааны үндэстэйгээр өөрчилж дэлхий бол энгийн нэгэн гариг эрхэс, харин манай дэлхийн хамгийн ойр орших од буюу нарыг тойрон эргэдэг гэж үзсэн Николай Коперникийн тайлбарыг энгийнээр тайлбарлаж одон орон судлалд томоохон шинэчлэлт хийжээ.
 
Потелмойн гариг эрхсийн таамаглалд нэгэн чухал ойлголт байсан нь дэлхий болон гариг эрхсийг бүгд бөөрөнхий хэлбэртэй гэсэн зөв дүгнэлт байжээ. Түүний бүтээсэн бүхий л гариг эрхсийн загвар эклипс буюу бөөрөнхий хэлбэртэй гурван хэмжээст загвар байжээ. Потелмой бас нарыг ашиглан дэлхийн радиусыг гаргаж байв. Түүний тооцооллоор нарны радиус дэлхийгээс 20,000 дахин их гэж дүгнэсэн.
 
Потелмой өөрийнхөө хялбар тооцооллын ширээний аргаар одон орны шинжлэх ухаанд ашигтай хэрэглэгдэхүүнийг гаргаж ирсэн юм. Түүний энэ арга өнөө үед өргөнөөр хэрэглэдэг хүснэгтийн арга байсан ажээ. Тэрээр ширээнийхээ хүснэгтэн дээр нар, сарны хиртэлт болон оддын байршлыг төвөггүйхэн тогтоодог байсан юм. Тэрээр Пасиес хотод байхдаа хүснэгтэн дээрээ нарны аймгийн жилийн урсгал болон оддын харагдах байдлаас хамааруулан одны цагалбар буюу хуанли зохиож байжээ.
 
Газар зүйн ухааны салбарт
Потелмойн ажиллаж байсан салбаруудын хүрээнд газар зүйн шинжлэх ухаан зүй ёсоор багтдаг. Тэрбээр амьдралынхаа хугацаанд Ромын эзэнт гүрний үеийн газар зүйн нээлт дээр суурилсан дэлхийн анхны газрын зураг хийж байжээ. Тиймээс түүнийг газар зүйч гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрбээр анхны гэж хэлж болохоор газар зүйн аргачлалуудыг ашигласан байдаг. Потелмой өөрийн найз Мариносын хамт тухайн үед мэдэгдээд байсан дэлхий ертөнцийг координат хавтгай дээр зурж тэмдэглэн бөмбөрцөг хэлбэртэй сараалжилсан байдлаар бүтээж байлаа. Мөн түүн дээрээ бүслүүр өргөрөг буюу экваторын бүслүүрийг тэмдэглэсэн байсан нь тун гайхалтай. Харин түүний найм дахь номон дээр хамгийн урт өдрийг дурдсан байдаг агаад тойргийн өнцгийг нь зуны дунд сарын уртын өдөр нь 12-оос 24 цаг хүртэл байдаг бөгөөд экватороос туйлын тойрог хүртэл үргэлжилдэг гэдгийг гаргаж иржээ гаргасан байна. Харин 2 болон 7 дугаар бүтээл дээр нь өөрийнхөө хамгийн сайн мэдэх нэгэн газарт 0 цэгийн голдож гэж тэмдэглэн уртраг голджуудыг дүрсэлсэн нь тун сонирхолтой юм. Түүний голджийг тавьсан тухайн газар нь “Blessed Islands” хэмээх газар байсан юм.
 
Потелмой мөн үүнээс гадна Ромын эзэнт гүрний газрын зургийг бүтээж, бүх дэлхийн нэгдмэл газрын зургийг анхлан зохиосон хүн гэж тооцогддог. Гэхдээ түүний зохиосон дэлхий ертөнцийн зураг маш их алдаатай байсан юм. Тухайлбал өнөөгийн дэлхийн ертөнцийн 180 градусыг л багтааснаас гадна номхон далайг огтоос дүрслээгүйгээр ажээ. Учир нь тэр зүгт тухайн үеийнхэн өмнө нь хэнч аялж үзээгүй байсан байна.
 
 
Потелмойн газар зүйн тухай гар бичмэлүүд олдохгүй байсаар 1300-аад оноос л олдож эхэлсэн байна. Потелмойн газрын зурагаа бүтээхдээ МЭӨ 3-р зуунд амьдарч байсан Эрастенесийн газар зүйн схем дээр нь суурилан түүнийг дэлгэрүүлэн бүтээсэн ажээ. Түүний бүтээл Ромын эзэнт гүрэн нуран унасны дараагаар Августодунум Гаулын эрин үе хүртэл хэрэглэгдэж байв.
 
XV-р зуунаас Потелмойн газар зүйн бүтээлүүд хэвлэгдэж эхэлсэн байна. Анх 1477 онд Италийн Бологна хотод хэвлэгдсэн гэж үздэг. Хэдий олны хүртээл болсон боловч өнөөгийн дэлхийн газрын зурагтай харьцуулахад хэтэрхий гажуудуулсан байдаг. Нэг жишээ л гэхэд Потелмой дэлхийн ертөнцийг хэтэрхий жижигхэнээр дүрсэлжээ. Учир нь Эрастенесийн олж нээсэн 700 координаттай газрын зургийн ердөө л 500-г нь ашигласан байна.
 
Потелмой олон өдрийн турш хайсны үр дүнд маш олон уртрагийг олж гаргасан байна. Түүний уртрагууд нь маш бүдүүн баараг байсан төдийгүй дунджаар Византийн эзэнт гүрнийг хоёр градус харин Картэжийн эзэнт гүрнийг дөрвөн градусын зөрүүтэй тэмдэглэсэн байсан ажээ. Мөн тэрбээр эртний одон орон судлаачдын нээсэн уртрагууд нь ямар нэгэн байдлаар цаг хугацаатай холбоотой гэдгийг баталж чадаагүй боловч мэдэж байсан гэдэг.
 
Түүнээс хойш XVIII -р зуунд судалгааны усан флотын баг дэлхийн уртрагийг яг таг нарийн гаргаж чаджээ.Тэрбээр мөн сарны хиртэлтийг ажиглаж байсан боловч чухамдаа яаж хэдийд хиртдэгийг нь тооцоолж амжаагүй. Учир нь түүний ажиглалт хангалттай байгаагүй ажээ. Түүний амьдрал зорьсон ажлаа хийх цаг хугацааны хувьд хангалттай байсангүй.
 
Газар зүйн салбарт оруулсан хувь нэмрээр нь Потелмойг жинхэнэ газарзүйч хэмээн үнэлэхэд хангалттай. Дараа дараагийн үеийнхэн нь түүний бүтээсэн газрын зургийг ашиглаж алдаануудыг нь засаж өөрчилснөөр орчин цагийн газар зүйн зураглал үүссэн түүхтэй билээ.
 
Одон орон судлал
Потелмойн одон орон судлалын бүтээлүүд нь эртний ертөнцийн хамгийн алдартай бүтээл болохоос гадна Исламын болон Өрнөдийн ертөнцөд ихээхэн нөлөө үзүүлжээ. Түүний бүтээлүүд нь ихээхэн өвөрмөц байсан бөгөөд үүний нэгээхэн жишээ нь одон орны аргаар өвчнийг анагаах гэх мэт өнөөгийн бидний хэрэглэж буй шинжлэх ухааны эхлэлийг тавьсан байдагт оршино.
 
Түүний бүтээлүүд агуулгын хувьд маш нарийн системчилсэн байсан нь илхэн харагдана. Иймээс ч түүний бүтээлүүдийг хамгийн анхны одон орон судлалын бүтээл хэмээн албан ёсоор үздэг. Тэр дундаа огторгуй ертөнцөд оршдог сансрын биетийн талаар олон тайлбар хийсэн байдаг.
 
Хожмоо эдгээр тайлбаруудад үндэслэн үе үеийн одон орончид сансрын биетүүдийг гариг эрхэс од гэх мэт төрөл төрлөөр ялгах болсон байна. Потелмойн одон орны ажил асар их дадлага туршлага, ажиглалтын үндсэн дээр хийгдсэн. Тэрбээр одон орон судлал бол яг анагаах ухаан шиг гэж төсөөлж байсан. Учир нь хүний амьдралын бүхий л зүйлс нар, сарнаас шууд хамааралтай. Тухайн хүний хэзээ ямар өдөр мэндэлснээс хамаараад ирээдүйд ямар хүн болох, юу тохиолдож болох вэ гэдгийг төвөггүй мэдэх боломжтой гэж үздэг байжээ. Тиймээс Потелмой анх удаагаа одон орон цаг тооны бичиг буюу зурхайн ухааныг дэлхий дахинд таниулсан эрдэмтэн.
 
 
Хөгжим
Потелмой одон орон судлахаас гадна хөгжим бичдэг байсан юм. Тэрбээр математик дээр суурилсан хөгжмийн онол бичиж байжээ. Хөгжим бол математикийн дамтамжийн харьцаануудын цогц хэмээн хөгжим судлаачидтай ихээхэн маргалддаг байжээ. Потелмой хэрхэн хөгжмийн нот бичих, мөн хөгжмийг хэрхэн математикийн томъёололд хөрвүүлэх талаар бүхэл бүтэн судалгааны ажил бичиж байсан боловч харамсалтай нь уг бүтээлүүд нь олдоогүй юм.
 
Гэрлийн шинжлэх ухаан
Түүний гэрлийн талаар бичсэн зүйл маш бага хэмжээтэй Араб хэл дээр туурвисан байдаг. Потелмойн энэхүү бүтээл гэрлийн тусгал, ойлт, хугарал болон өнгөний хувирлын талаар бичиж өгүүлсэн байна. Түүний бүтээл гэрлийн шинжлэх ухааны түүхийн нэгээхэн хэсэг болон мөнхлөн үлджээ.

Ц.Тулгаа
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 894 Сэтгэгдэл: 5 Жооролсон: 1
Сэтгэгдэл Нийт: 5
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
N.Chaminchuluun
sonirholtoi medeelel ogsond bayarlalaa
2012-03-25 18:53:29
helpful_anduuhai
Asuud bayarlalaa itgel tavi geed jaahan hetsuu bsan ymaa medeelel oldohgui dahiad goy namtar oruulj bgaarai amjilt asuu.mn
2011-05-17 19:07:29
Boldsaikhan Geographic
meddeggui ym bsan baijee asuud bayarlalaa
2011-05-16 15:29:29
XFantasy
Batuka-giin zov shuu
2011-05-11 13:37:42
batukh
tanai site ch dajgui shuu tasaldchihguihan shig suutnuudiin tuuhiig bainga oruulaarai amjilt
2011-05-09 16:44:19