Түүхийн шинжлэхүй ухааны доктор Эмгэнт О.Батсайханы бичсэн энэхүү бүтээлийг эрхэм абутай Та тогтож толилбоос Монголын эх түүхийн хамгийн чухал үйл явдлуудын нэг 1911 оны үндэсний хувьсгалын тухай урьд өмнө нь төдий л сонсоогүй, үзээгүй буюу хаа нэгтэй уншсан боловч тодорхой ойлголт авалгүй өнгөрсөн байж тун магадгүй хэд хэдэн багц асуудалтай танилцах боломжтой юм. Энэхүү бүтээлийн эхний хэсэгт Арван гуравдугаар Далай лам Монголд морилсон тухай товч дурдсан нь манай түүхчдийн анхаарал татахуйц болжээ.
Энэ талаар өгүүлсэн зүйлийн гол агуулга гэвэл: • 1904-1906 онд Түвдийн шашны тэргүүн XIII Далай лам Түвдэнжамц нутгаасаа дүрвэж, Халх Монголд хэсэг хугацаанд саатан морилохдоо Богд хутагттай ямар харьцаатай байсан, • Манж ба Орос Далай ламын талаар баримталж байсан байр суурь, 1906 оны зун Орос, Их Британийн хооронд Түвдийн асуудлаар хэлэлцээ хийж эхэлсэн учир Далай ламыг Гүмбүм рүү явуулах нь зүйтэй хэмээн үзсэн тухай бас Далай лам Халхад байхдаа Монгол, Түвд, Манжаас тусгаарлаж болох үзэл бодлоо дэвшүүлсэн гэж хилийн комиссар Хитрово бичсэн тухай зэрэг сонирхол татахуйц хэд хэдэн зүйл байгаа юм.
Мөн Богд Жавзандамба Далай лам хоёр нэг ч удаа уулзаагүй хэмээн тэр үед Их Хүрээнд сууж байсан Оросын консул төв рүүгээ илтгэсэн байдгийг О.Батсайхан эш татаж тэмдэглэжээ. Энэхүү номд авч үзсэн үндсэн асуудал нь юуны өмнө 1911 оны Монголын үндэсний хувьсгалын бэлтгэл ажилд чиглэжээ. Тухайлбал, Сайн ноён Т.Намнансүрэнгээс Богд хутагтад захидал бичиж, дуртган сануулсаныг тэрбээр дуртайяа соёрхон Халх дөрвөн аймаг, Их шавийн ихэс ноёд мяндаг тушаалтай лам нарыг Их Хүрээнд цуглуулан зөвлөлдөж Манж Чин улсаас тусгаарлаж төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах цаг тохиосоныг ухаарч энэ их үйлсдээ баатар Цагаан хаанаас тусламж хүсэхээр нэр бүхий хүмүүсийг илгээжээ. Энэ тухай урьд өмнөх түүхэнд бичиж байсан боловч зарим зүйлийг дурдалгүй өнгөрч байжээ. Жишээлбэл, Т.Намнансүрэнгээс Богд гэгээнтэндээ захидал өргөснийг Оросын түүхч Е.А.Белов анх хөндсөнийг О.Батсайхан эх сурвалжид тулгуурлан тодорхой өгүүлжээ. Мөн Орос улсад тусламж эрэхээр одсон албан ёсны төлөөлөгч дөрвөн хүн тэднийг дагалдан эмч, хиа бусад таван хүний тухай штабаас ахмад Макушек товч тодорхой танилцуулга үйлдэж зохих албан тушаалтанд танилцуулсан нь урьд өмнө нэг ч судлаачийн бүтээлд дурдаагүй шинэ мэдээ байна.
Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар чухам хэзээ байгуулагдсан тухай түүхчид ер анзаараагүй байсныг О.Батсайхан нягтлан эргэцүүлээд уг газрыг 1911 оны зун Богд ууланд болсон ноёд, лам нарын зөвлөгөөнөөс байгуулж, үндэсний хувьсгалын бүх бэлтгэлийг нууцаар гардан удирдаж байгаад 1911 оны сүүлчээр нийтэд зарласан байна гэж үзсэний сацуу тус газрын бүрэлдхүүнд томилогдсон хүмүүсээс Г.Чагдаржав, Гомбосүрэн хоёр бусдаасаа тэргүүлэх үүрэгтэй захиран шийтгэх дарга, хамаарсан дарга, бусад нь зөвлөн шийтгэх түшмэд хэмээсэн зэрэг дэс бүхий эрх мэдэлтэй байсныг тодруулжээ. Өнгөц ажиглахад үл ялих мэт боловч 1911 онд төрт улсаа сэргээн тунхагласан Монголын төр засгийн бүтэц, зохион байгуулалтыг улируулан шинжлэхэд энэ тодруулга зохих учир холбогдолтойг уншигч эрхэм абугай юу эс андах билээ. 1911 оны Монголын үндэсний хувьсгалын үүсэл, өрнөл, ялалтад Богд Жавзандамба хутагт ямар үүрэг гүйцэтгэснийг энэхүү зохиолд тун тодорхой тайлбарлаж хэд хэдэн шинэлэг санаа дэвшүүлсэн нь тун олзуурхууштай болжээ.
О.Батсайхан энэ зохиолдоо ашигласан сурвалжийн ихэнхийг Япон, ОХУ-ын архивуудаас олж, судалгааны эргэлтэд анх удаа оруулсан нь энэ чиглэлээр болон бусад сэдвээр судалгаа шинжилгээ хийгчдэд ялангуяа залуу түүхчид, түүх сонирхогчид, түүхээр мэргэжиж буй оюутан, магистрант, докторантууд санаа авахуйц учир холбогдолтой болжээ. Энэ зохиолд дэвшүүлсэн сонирхол татахуйц бас нэг зүйлийг дурдъя. Үүнд Орос улс 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын эхлэлийг дэмжиж байсан боловч Монгол улс төрийн тусгаар тогтнолоо сэргээсний дараа Монголыг бие даасан бүрэн эрхт улс болохоос эрс татгалзаж, энэ байр сууриа тууштай баримталж байсныг төдий л дурддаггүй буюу хөндөн тайлбарлахаас зайлсхийдэг байлаа. Харин доктор О.Батсайхан энэ тухайд шууд ба дам холбогдох хэд хэдэн сурвалжийг эш татаж өөрийн саналаа тодорхой өгүүлсэн нь сүүлийн үед манай түүх бичлэгт шинэ зүйл боллоо. Эцэст нь тэмдэглэхэд энэхүү бүтээл бол XX зууны Монголын түүхэнд тохиосон онцгой үйл явдлыг тал бүрээс судалж үнэн зөв дүгнэлт гаргалгаа хийхэд зохих тус дөхөм үзүүлэхүйц чамбай бөгөөд хэн хүний уншихад сонирхол татахуйц болжээ.