Ангилал
Сэтгүүл
Ном » Шашин, гүн ухаан
Миний уулздаг онго тэнгэрүүд
Зохиолч: Ц.Дашдамба
Он: 2010
Нүүрний тоо: 142
Худалдаалж буй дэлгүүр:  "Аз хур" номын дэлгүүр
Номын танилцуулга:
Онгод худлаа хэлдэггүй

Монголын радиогоор овоглосоор олон оныг үдэж буй сэтгүүлч Ц.Дашдамба сүүлийн үед нэгэн чухал албанаа тохоон томилогдоод буй. Тэр нь хэвлэлийн төлөөлөгч хэмээх алба. Аль нэг яам тамгын газар, эсвэл албан байгууллагын хэвлэлийн төлөөлөгч гэж та эндүүрэвзэй. Түүний албан эх сурвалжууд нартын оронд байхгүй. Тэрээр тэнгэрийн орноо залран буй өвөг их дээдсийн онго юутай хууч хөөрч, асууж лавлаж, загнуулахдаа загнуулж, магтуулахдаа магтуулсан шигээ энэхүү албыг хашиж явна. Түүнийг ажилд авсан тушаал байхгүй. Гэхдээ бөөгийн тухай үнэнийг өч гэсэн тэнгэрийн зарлиг бий. Үнэнийг өгүүлбээс сайшаагдаж, худлыг хэлвээс шийтгүүлэх тавилан түүний өмнө буй. Зэмлэл магтаалын аль аль нь тэнгэрийн орноос ирнэ. Ийм нэг буянтай, бас бурууг хийвэл халтайхан албанд сэтгүүлч анд минь зүтгэж буйн баталгаа нь энэхүү ном болой. Тэр бөө судлаач биш. Бөө мөргөлийн үй түмэн асуудлыг шүүн тунгааж, харьцуулан нягталж, дүгнэж цэгнэх үүрэг түүнд үгүй. Тэр бөөгийн түшээ буюу хэлмэрч нь бас биш. Ил далд хоёр ертөнц учран сүлэлдэж буй тэр агшнаа андуу эндүү гаргахгүйн төлөө түгшин сандрах шаардлага түүнд үгүй. Тэр зүгээр л онго тэнгэрүүдтэй хуучилсан шиг, тэдний сургааль айлдвар, цадиг түүхийг буулгаж тэмдэглэсэн шиг суудаг. Тэнгэрээс оноосон үүрэг нь тэр юм. Тэрийг нь би хэвлэлийн төлөөлөгч гэж орчин үеийн албаны болхи хэллэгээр нэрлэмэр аядан цаашлуулж байна. ...Буянаар, оршихуй гурван цагийг нэгэн агшнаа багтааж чадах бөөгийн ертөнц хэмээх үл итгэгчдэд бол дэмий балай мэт ч, үнэн учрыг ухагчдад бол шүүрдэж үл дуусах мэдээллийн их далай руу Дашдамба татагдаад орчихсон хэрэг. “Багадаа барилдаж явсны хэрэг юу билээ, барьж аваад тонгорч орхилоо” гэдэг шиг идэр залуугаасаа сураглаж сурвалжилж, сурталчлан мэдээлж явсны хэргээ тэр өнөөдөр гаргаж, онго тэнгэрүүдийн хөөрсөн цадиг түүхийг буулган ийм нэг сонин сайхан, содон онцгой номыг уншигч танаа өргөн барьж байна. Энэ бол зөвхөн эхлэл, дараа дараагийн номууд нь хэвлэгдэх цаг ойрхон гэдгийг дуулгахад ч бас таатай байна. Бөө мөргөл өнөөдөр цаг нь болоод эргэн сэргэж байна. Энэхүү сэргэлтийн оргил цагт мэндэлсэн энэ ном бөөг дарж явсан он жилүүдэд бий болсон эндүү ташаа ойлголтыг арилгах, бөөгийн зан үйл, дэг жаягийн учрыг тодруулахад нэн тустай. Бөө мөргөл судлалд цаг заваа зольж яваа эрдэмт эрхмүүдэд юугаар ч орлуулшгүй чухал хэрэглэгдэхүүн, үнэт түүхий эд болохын хувьд бүр ч үнэ цэнэтэй. “Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр” гэдэг. Бөө болгон дахин давтагдашгүй гэсэн үг. Тэгэхээр энэ олон талтай, адармаатай ертөнцийн тухай зөвхөн үнэнийг бичихгүй бол тэнгэрийн гэсгээл хатуу. Худал мэдэмхийрч, буруу ойлгож, ташаа мэдээлэл түмэнд тарааваас шийтгэл нь халуун амь ч байж болох. Дашдамба маань буруу ташаа мэдээллийн урхгийг сайн мэдэх хашир сэтгүүлчийн хувьд энэ номонд андуу эндүү гаргалгүй онгодын айлдварыг үгчлэн буулгахыг ихэд хичээсэн нь анзаарагдана. Манайд бөөгийн дуудлага, тамлага сэлтийг буулган эмхтгэх ажил нэлээд хийгдсэн ч онго тэнгэрүүдтэй хөөрөлдсөнөө ийнхүү бие даасан ном болгосон нь хараахан үгүй. Дашдамба энэ тал дээр анхдагч болов. Онгод хэзээ ч худлаа хэлдэггүйг цөөнгүй жил бөө судалж, гайгүй олон онготой хөөрөлдөж, хэд гурван ном гаргасан хүний хувьд би баталж чадна. Дашдамбын энэ номонд ч бас худлын сүүдэр байхгүйг батлан хэлье. Энэхүү номын үүдийг сөхөж өгнө үү хэмээн тэрээр олон хоногийн өмнө хүссэн билээ. Өмнөтгөл бичиж сэтгэлийн сүүгээр мялаая гэвч завдал бололгүй удав. Удсаны учир миний муугаас гадна тэнгэрийн таалалтай бас холбоотой бололтой. Шинийн арвантавны мэлтэн сар Үүрийн цолмонд халаагаа өгөх цагаар номын мялаалга үг бүтэв. Шинэ өглөөний наран алтан цацрагаараа номын өргөөг гийгүүлэх цаг айсуй. Номын буян хурах болтугай. Хурай, хурай, хурай.

Сэтгүүлч, судлаач Б.Галаарид
2010 оны дөрөвдүгээр сарын 28

Уулздаг онго тэнгэрүүдээсээ танилцуулахын учир


Буянаар, энэ бичвэрийг таны оюуны мэлмийд өргөх цаг иржээ. Олон жилээр дуншиж чилээсэнгүй. Яагаад гэвэл ямар ямар ааш араншинтай, хэн хэн гэдэг баатрууд байх, үйл явдал хаана хаана болох, уншигчдад юуг өгүүлэх, зохиолын агуулга, үзэл санаа гэх мэт яршиг төвөг, уран зохиолд байх эд эс огт үгүй. Энэ бол бодит зүйл- миний амьдралын нэгээхэн хэсэг. Тэгээд л өөрийнхөө уулздаг онго тэнгэрүүдээсээ тантай танилцуулж байгаа хэрэг. Чадахгүй, болохгүй, бичихгүй. Очиж очиж би байхдаа яадаг юм гэх уллахын хазаарыг онго тэнгэр мулталж орхисон. Тиймээс тэнгэрийн зараалаар танд хүрч байгаа юм. Нэг өдөр надад хэлж байна.
-Хүмүүс бөөгийн тухай буруу бодолтой байна. Чи судар бүтээж хүмүүст хүргэ. Тэдэнд зөвөөр ойлгуул.
-Би чадахгүй байх аа.
-Чи чаднаа. Хурдан бүтээгээрэй.
-Таныг чадна гэж байгаа бол би хичээе.
-Асууж лавлах юм байвал надаас асуугаарай. Надад судраа хэзээ авчирч үзүүлэх вэ?
-Хоёр, ... сарын дараа...
-Чадах юм уу?
-Чаднаа, үгүй ээ, гурван сарын дараа... Юу л даа... Судар бүтээх, хэвлүүлэх хэцүү...

Нэг өдөр надад хэлж байна.
-Бөөгийн тухай судар мутарлаж байгаа гэл үү?
Бурхад тэнгэр биднийг
Буруу хазгай хэлвэл
Бутын чулуу дэрлүүлнэ
Хазгай буруу хэлвэл
Хадын чулуу дэрлүүлнэ гэж мэдээрэй.

Нэг өдөр надад хэлж байна.
- ...Онго тэнгэр намайг бөөгийн тухай ном бүтээ гэлээ. Би барахгүй байх аа.
-Би ч юу хэлэх вэ? дээ. Судар бүтээ гэсэн бол бүтээхээс өөр аргагүй.
Орой нь цоорхой юм шиг
Онч мэргэн үгтэй байж
Онгод буусан юм шиг
Оюу ухаан нь цэлмэг байх болтугай.

Нэг өдөр надад хэлж байна.
-Бөөгийн тухай судар бүтээнэ гэдэг хэцүү байдаг юмаа, лүд минь. Улаач хүний үнэн дүр, алдрыг ердөө оруулж болохгүй. Судар номондоо дүрийг нь харуулъя гэж бодох юм бол хоё, хуяг худрагатай нь харуул. Цэцэн хан аймаг тэр тусмаа Дарьганга угсаатан минь сайхан бүсгүйчүүдээрээ алдартай байсныг битгий мартаарай, хоё. Хаа байсан баруун сайхан хязгаараас Цэцэн хан аймгийн минь сайхан хүүхнүүдийг богтолж авч байсан юм шүү, хоё. Тэрнийг битгий мартаарай. Тусыг минь битгий мартаарай...

Орон зай, цаг хугацаанаас үл хамаарах, бас тэгээд усан заяа нүд, цусан заяа зүрхтэн харахын хувьгүй, хүний орчлонгийн ухаантан гээчүүд бүрэн тайлж чадахгүйдээ дэмий л маргалдсан гайхамшгуудын нэг онго тэнгэрүүд ном бүтээхийн тухайд ингэж хэлсэн юм. Тэгэхээр цахим тархийг асаахаас өөр зам үлдсэнгүй. Нэгэнт л онго тэнгэрүүдтэй уулздагийнхаа буяныг үүрч ном бүтээх болсон хойно ямар ч л байлаа эхлээд номондоо төврөөлөг хийж, сэрээе. Бас номныхоо дуудлагыг нь ч бичих учиртай...
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 749 Сэтгэгдэл: 3 Жооролсон: 3
Санал болгох ном
Сэтгэгдэл Нийт: 3
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
baska
buugiin tuhai nomnuudaas n avch unshya
2011-05-11 09:39:02
baska
buugiin tuhai nomnuudaas n avch unshya
2011-05-11 09:39:00
shoogii
dajgui nom bnlee
2011-02-01 10:36:51