Ангилал
Сэтгүүл
Ном » Улс төр, олон улс судлал
Никомахын ёс зүй
Хэвлэсэн байгууллага:  "Адмон" ХХК
Зохиолч: Аристотель
Орчуулсан: Б.Даш-Ёндон
Он: 2007
ISBN: 99929-0-432-1
Нүүрний тоо: 388
Худалдаалж буй дэлгүүр:  Удирдлагын академийн номын дэлгүүр
Номын танилцуулга:

Одоогийн хэлээр бол суут эрдэмтэн, угаасаа бол эртний грекийн сод сэтгэгч Аристотель хүн төрөлхтний сэтгэлгээний түүхнээ анх удаа мэдлэгийн хэлбэрүүдийг, ингэхлээр шинжлэх ухаануудыг тодорхойлж, ангилсан юм. Тэрвээр шинжлэх ухааныг гурван том бүлэгт хуваасан, энэ нь: онолын (хийсвэр), практикийн, бүтээгч (үйлдвэрлэгч) гэсэн ангилал юм. Эндээс, онолын шинжлэх ухаанд нь философи, математик, физик орно, практикийнхад нь ёс зүй, улс төрийн ухаан, бүтээгчид нь урлаг (ур чадвар), гар урлаг, хавсарга ухаанууд орно. Эдгээр ангилалдаа Аристотелийн өгсөн тодорхойлолтуудыг энд ярих шаардлагагүй нь ойлгомжтой, учир нь бид түүний ёс зүйн сургаалийг л энд товч хөндөх гэж байна. Аристотель ёс зүйн ухаанд шууд зориулж гурван том бүтээл туурвисан билээ (зарим нь түүний бүтээл мөн эсэх талаар судлаачид маргадаг ч гэсэн энэ нь зүгээр маргаан л юм); сайхь гурван зохиолыг нь нэрлэн дурдвал: "Никомахын ёс зүй" (ЕМ), "Евдемийн ёс зүй" (ЕЕ), "Дээд суртахуун" (ММ) болой.

Үүнээс миний бие "Дээд суртахуун" зохиолыг орос хэлнээс орчуулж хэвлүүлсэн бөгөөд одоо "Никомахын ёс зүй"-г хэвлүулж байна. Асар удахгүй "Евдемийн ёс зүй" монголоор хэвлэгдэн гарах болно. Эл гурван бүтээлээс хоёр нь "Никомахын..,", "Евдемийн..." гэж нэрлэгдсэн нь Аристотелийг тэнгэрт хальснаас хойно хүү Никомах, шавь Евдем нар Аристотелийн уг хоёр бүтээлийг тус тусдаа янзалж хэвлүүлсэнтэй холбоотой гэж үндсэндээ нийтээр зөвшөөрч буй бололтой. Аристотель анх удаа ёс зүйг бие даасан шинжлэх ухаан болгож философийн шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоо руу оруулсан, тэхдээ ёс зүйг сэтгэл санааны тухай шинжлэх ухаан болсон сэтгэл судлал. төр улсын тухай сургаал болсон улс төрийн ухааны завсар хооронд байрлуулан тавьжээ. Эртний грекийн их философич Демокритын ёс зүйн сургаал амьдралын мэргэн ухааны цэцэн үгийн цуглуулга байдлаар, Платоны ёс зүйн сургаал ярилцааны хэлбэрээр санаагаа илэрхийлж байсан бол Аристотель санаагаа шинжлэх ухааны бүтээл болсон нэгэн сэдэвт зохиолын хэлбэрээр илэрхийлсэн байна. Хүмүүсийг илүү шилдэг. нийгмийг илүү төгөлдөр болгоход туслах үүднээс хэмээн Аристотель ёс зүйн асуудлуудыг судалжээ. Гэтэл хүнээс гадуур ёс суртахуун байдаггүй учраас тэрээр хүний л ёс суртахууньгг хүнд зориулан судалжээ. Тэрээр ёс зүйг бурхан тэнгэрийн бус, хүний хүсэл, дур зоргын дэйгэцэн дээр авч үзсэнээрээ хүн өөрөө хувь заяа, сайн сайхдаа хариуцах ёстой гэдгийг философи сэтгэлгээний түүхэнд анх удаа батлан харуулжээ.

Аристотелийн ёс зүй хүний энэ насны амьдралын зорилгыг л гаргаж хэлдэг, энэ нь ёс зүй бол чөлөөт хүн бүрийг төр улсын хүн болгож хүмүүжүүлэх зорилгод үйлчлэх ёстой гэсэн санаагаар нь илэрдэг. Аристотелийн үзэж буйгаар, ёс суртахууны сургаалийн дэлгэрэнгүй тогтолцоог бий болгоход доорхи дөрвөн зүйл зайлшгүй чухал, үүнд: а) сайн сайхан гэж юу вэ гэдгийг тодруулах; б) хүн сайн сайханд хүрэх чадвартай юу гэсэн асуултад хариулах, : в) сайн сайханд хүрэхийн тулд хүн ямар арга замаар явах ёстойг ойлгох; г) хүний эрмэлзлийн хамгийн шилдэг зорилго болсон дээд сайн сайхан гэж юу вэ гэдгийг ухаарах; эдгээр болно. Иймээс ч тэрээр "Никомахын ёс зүй" зохиолдоо сайн сайхны тухай сургаал. дур зоргын эрх чөлөөний тухай сургаалаа тайлбарласан байна. Аристотель сайн сайхан гэж юу вэ гэсэн асуудлыг авч үзэхдээ янз бүрийн бодомжуудыг тунгаагаад, жинхэнэ сайн сайхан гэдэг бол үл өөрчлөгдөх санаа. өөрөөр хэлбэл, туйлын санаа юм гэсэн Платоны үзэлтэй зөрөлджээ. Энэ зөрөлдөөнөө Аристотель аятайхан илэрхийлж '"Никомахын ёс зүй" зохиолынхоо Нэгдүгээр дэвтрийн 4-д: "Сайн сайхныг ерөнхий ойлголт гэж хэлдгийг авч үзэн, ямар утгаар ингэж хэлж байна вэ гэдэг асуулт тавих нь яалаа ч гэсэн зөв байхаа. ингэж эрж хайх минь эвгүй л байна, яагаад гэвэл энэ үзэл санааг бидний дотно хүмүүс гаргаж буй болгосон юм.

Тэглээ ч гэсэн, юутай ч болов, үнэнийг аврахын үүднээс, хэрэв бид философич юм бол, эрхэмлэн дээдэлдэг, ойр дотны хүнтэйгээ ч маргалдах нь чухал бөгөөд тэгэх ч ёстой хэмээн санагдана. Хэдүйгээр найз нөхөр ч, үнэн ч аль аль нь надад эрхэм боловч үнэнийг илүү дээдлэн эрхэмлэх нь ариун нэр төрийн үүрэг юм" гэсэн байна. Бид энэ үгийг нь зориуд иш татаж байгаа маань учиртай, юу гэвэл, энэ бол Платонд зориулж хэлсэн үг мөн, гэтэл энд түүний нэрийг гаргаагүй байгаа нь бас сонин. Хожмын тайлбарлагчид энэ үгийг нь: "Платон миний найз, гэвч үнэн илүү эрхэм", "Хэдүйгээр Платон, үнэн хоёр надад эрхэм боловч үнэнийг илүүд үзэхийг ариун үүрэг минь тушааж байна" гэх зэргээр янз янзаар найруулсан нь эдүгээ бараг зүйр цэцэн үг болон хувирчээ. Сайн сайхан бол туйлын, тэгэхлээр хүнээс ул хамааран оршино, иймд ерөөсөө сайн сайханд хүрэх нь хүний зорилго юм гэж Платон үзсэнийг сөрж Аристотель сайн сайхан бол хүнээс өөрөөс нь хамаарна гэж нотолсон байна. Тэрвээр хүний сайн сайхан нь сайн үйлтэй нийцсэн сэтгэл санааны үйл ажиллагаанд оршино гэж нотолсон юм. Харин сайн үйл бол төрөхөөс (байгалиас) өгөгдсөн чанар биш, олж авдаг чанар юм гэж үзжээ. Аристотель бүх сайн үйлийг хоёр бүлэгт хуваажзэ, үүнд: сэтгэл санааны оюун ухааны хэсэгтэй холбогдсон оюунлаг сайн үйл (жишээ нь, мэргэн ухаан, амьдралын ухаан, зохион бодох чадвар зэрэг), сэтгэл санааны хүсэл зоригийн хэсэгтэй холбогдсон ёс зүйн сайн үйл (жишээ нь, эр зориг, өгөөмөр чанар, уудам сэтгэл, шударга ёс зэрэг) хэмээн ангилжээ.

Аристотель ёс суртахууны сайн үйлийн гол шинжийг гарган харуулахдаа дундажийн тухай сургаалаа буй болгосон. Түүний үзэж буйгаар, сайн уйл бол тодорхой хэмжээний дундаж мөн, сайн үйл чухам үүн рүү эрмэлзэж байдаг учраас тэр; муу үйл хэмжээ хязгааргүй, сайн үйл хязгаартай; иймд алдаа янз бүрийн байдлаар гарч болно, харин зөв авир үйлдэл зөвхөн ганц замаар л гарна; ингэхлээр алдах нь амар, онох нь хэцүү; байг оноход хэцүү, онохгүй нь амархан; илүүдүүлэлт, дутуудуулалт бол гэм согогийн шинж, харин дундаж нь сайн үйлийн шинж;-Төгөлдөр хүмүүс нэг л төрхтэй, гэм согогтой (муу) хүмүүс олон төрхтэй аж. Аристотель ийм ерөнхий бодомжоороо хязгаарлалгүй, сайн үйл нэг бурийг нарийвчлан шинжилжээ. Тэрээр, үйл ажиллагаатай холбогдсон судалгаа хийхэд ерөнхий шүүн бодохуй агуулгагүй байдаг, харин тусгайд оноосон шүүн бодохуй үнэнд илүү ойртдог, яагаад гэвэл, үйлдэл ямагт тусгайлсан шинжтэй, ерөнхий үндэслэлийг тусгай үндэслэл лүгээ зохицуулах ёстой гэж үйл ажиллагааг судлах арга зүйг зааж өгчээ. Сайн үйл нэг бүрийг шинжилж тодорхойлсон зарим жишээг нь энд дурдъя. Тухайлбал, эр зориг байна. Эр зориг бол ухаангүй тэнэг зүрх зориг (энэ бол эр зоригийн илүүдүүлэлт нь), аймхай хулчгар зангийн (энэ бол эр зоригийн дутуудуулалт) хоорондын дундаж юм. "Давбал зохих зүйлийг давж туулдаг, айвал зохих зүйлээс айж эмээдэг тэр хүн л эр зоригтон мөн". Тэгэхдээ сайн үйл бол бас зүтээр л нэг дундаж бишээ, юу гэвэл, тэрээр хоёр туйлын аль нэгд нь заавал ойрхон байдаг юм. Бас шударга ёсны асуудал байна. Ёс зүйн сайн үйлүүдийн дунд шударга ёс нэгдүгээр байранд нь суудаг гэж Аристотель үзжээ.

Хууль зөрчдөг, бас бусдаасаа илүү ихийг булааж авдаг, улмаар бусад хүмүүст тэгш бусаар ханддаг хүнийг шударга бус хүн гэнэ. "Харин хуулийн дагуу авирладаг бусад бүх хүнд адил тэгш ханддаг тэр хүнийг шударга гэж нэрлэх нь тодорхой байна" гэжээ. Шударга бус хүн илүү дэмий юманд шунаж байдаг гэнэ. Яаж ч бодсон энэ үнэн болой. Аристотель эл санаагаа тэр дор нь албан тушаал руу оруулж хэлж байгаа юм. "Албан тушаал хүнийг илчлэн харуулдаг гээд, цааш нь, үүний учир гэвэл, албан тушаал авсан этгээд ойр дотныхон болон нийт нийгэмтэйгээ харьцана, ийм үеийн ганц шударга ёс нь бусад хүнд ашиг тусыг үзүүлсэн сайн сайханд оршино; шударга ёс гэдэг бусад хүнтэй харьцахад оршдог, энэ нь дарга ч бай, бүх нийгэм ч бай, адилхан. Хамгийн муу хүн гэдэг бол өөртөө ч; найз нөхөддөө ч тэнэг мангуу ханддаг тэр хүн юм, харин хамгийн сайн хүн гэдэг бол өөрийгөө боддоггүй, бусаддаа сайн үйлийн үйлсээр ханддаг хүн. гэвч энэ сүүлийнхийг гүйцэтгэх нь тун амаргүй үйлс, ингэж хэлжээ. Энэ санаа бас л зөв юм гэж санагдаж байна. Ер нь. гажиж эвдэрсэн хүн гэдэг бол зөв зарчмыг уландаа гишгэсэн субъект юм. Ёс суртахуунтай хүн гэдэг бол сайн үйлд нийцсэн оюун ухааныг удирдлага болгодог этгээд. Сайн үйл гэдэг бол сэтгэл санаа өөрөө олж авдаг чанар. Тэр тусмаа хүн оюун ухаанаа тодорхойлдоггүй, оюун ухаан хүнээ харуулдаг. Иймд сайн үйл гэдгийг ярих нь нэг хэрэг. түүнийг хэрэгжүүлж сурах нь өөр хэрэг. Хэргийн учир гэвэл, хүнийг сайн хүн болгоход ганц эрдэм ухаан гээч юм шийдвэрлэдэггүй. Нийгэмч хүмүүжил олгоход төрийн хууль хэрэгтэй. Сайтар хүмүужүүлье гэвэл сайн хууль чухал. Иймд улс төр гэдэг нь яг л энэ сайн хуулийг бүтээх, төрөөс удирдах хамгийн сайн байгууламжийг буй болгоход оршино.

Нийгмийн амьдрал дахь хүн хоорондын бүхий л хэлхээ холбоог судалчихаад Аристотель ийм санаануудыг хэлсэн байна. Харин үүнийг няцаах баримт одоо болтол үгүй бөлгөө. Аристотель бол хүний ёс суртахуунд нарийвчилсан шинжилгээ хийснээрээ хүн судлаач их эрдэмтэн болж товойсон билээ. Хүн, түүний авир үйлдэлд анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр ёс зүйн шинжлэх ухаан байж чадахгүй. Хүнийг олон талаас нь харж судалж болно, гэвч хүний гол тал, гол чанар нь ухаан, ёс суртахуун хоёр юм. Энэ хоёр шинж чанартай байдгаараа хүн адгууснаас гойд ялгагдана. Оюун ухааныг эзэмдсэн байх, ёс суртахуунтай байх энэ хоёр ялгаатай. Ухаандаа, ёс зүйн сонгодог категориуд болсон "сайн үйл", "шударга ёс", '"үүрэг", "нэр төр", "алдасын сэтгэл'", "аз жаргал" гэдэг ойлголтуудыг оюун ухааныг судлахад бараг хэрэглэхгүй. Хүн бол юу сайн, юу муу гэдгийг, юуг шударга ёс, юуг шударга бус ёс гэхэв гэдгийг ялгаж, бодож, сэтгэж, хэрэглэдгээрээ адгууснаас ялгаатай; ер нь энд л хүн байна. Үүнийг ялгаж сурахад философийн салбар хэсэг болсон ёс зүйн ухаан тусалдаг. "Хэрэв бие эрхтнээс өвчнийг хөөж чадахгүй бол анагаах ухаанаас ямар ч ашиг гус гарахгүйн адилаар сэтгэл санаанаас өвчнийг нь хөөж чадахгүй бол философиос ямар ч ашиг тус гарахгүй" гэж эртний грекийн их сэтгэгч Эпикур (МЭӨ 341-270 он) хэлсэн нь философийн зорилго, эл зорилгын ёс зүйн утгыг харуулсан ёстой үнэн үг юм: хүн төрөлхтний сэтгэлгээний түүх үүнийг нотлон харуулсан билээ. Одоо Аристотелийн энэхүү "Никомахын ёс зүй" хэмээх номыг Та судалж үзэгтүн.

Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 1294 Сэтгэгдэл: 3 Жооролсон: 0
Санал болгох ном
Сэтгэгдэл Нийт: 3
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
мөөгий
яагаад энийг хуулж авч болохгүй байгаа юм бэ? хэрэгтэй мэдээллээ заавал энд сууж уншмааргүй байна шдээ гэртээ очоод тайван эргэцүүлж уншмаар байна.
2011-05-10 11:07:51
мөөгий
яагаад энийг хуулж авч болохгүй байгаа юм бэ? хэрэгтэй мэдээллээ заавал энд сууж уншмааргүй байна шдээ гэртээ очоод тайван эргэцүүлж уншмаар байна.
2011-05-10 11:07:47
Tuya
Bayrlala.
2010-10-22 15:43:30