 Менежер буюу маркетер хүн шийдвэрээ хир зэрэг үндэслэлтэй боловсруулах нь маркетингийн судалгааны чанараас шууд шалтгаалдаг юм. 1994 оны 4, 5-р сард манай нилээд нэртэй 20 компаний захирал, эзэд, менежерүүдээс авсан судалгааны дүнгээс үзэхэд тэдний 80 гаруй хувь нь шийдвэрээ зөвхөн хувийн туршлага, таамаглалд тулгуурлан гаргадаг болох нь харагдаж байлаа. Энэ бол маркетингийн судалгаа хийж сураагүй, түүний үр дүнг ашиглах асуудал бүрэн орхигдсон байсан хэрэг.
Харин 12 жилийн дараа буюу 2006 оны намар дахин ийм судалгааг давтан хийж үзэхэд тэдний 80 хувь нь шийдвэр гаргахдаа маркетингийн судалгааны үр дүн, зах зээлийн мэдээллийг хамгийн түрүүнд харгалзан үздэг гэсэн хариулт өгсөн байсан. Ингэхлээр монголчууд зах зээлд ухаалаг алхдаг болж байна гэсэн үг л дээ. Харин өнөө үед манай томоохон компаниуд дотоодын төдийгүй олон улсын зах зээлийг судалж бизнесээ өргөжүүлэхийг хичээх боллоо.
Монгол хүнд нэг үеэ бодвол менежер гэдэг үг удирдах арга ухааны нарийн мэргэжилтэн гэдэг утгаар илүү ойлгомжтой болжээ. Харин одоо маркетер гэж хэн болохыг манай бизнесийнхэн мэдэж эхэлж байна. Монголын Маркетингийн Холбоо 2004 оноос эхлэн "Зах зээлд тэргүүлэгч байгууллага", "Шилдэг маркетингтай байгууллага"-уудыг шалгаруулахын зэрэгцээ ажлын үзүүлэлтээр нь оны "Шилдэг маркетерууд"-ыг шалгаруулж эхэлсэн билээ. Өнөөгийн байдлаар 4 удаагийн ийм шалгаруулалтыг хийж маркетингийн ухааныг бизнесийн хөгжлийнхөө суурь асуудал болгосон олон байгууллага хүмүүс тодроод байгаа нь томоохон дэвшил гэж үзэх үндэстэй.
Маркетерийн агуулгыг маркетингийн түгээмэл тодорхойлолттой уялдуулан тайлбарлавал илүү ойлгомжтой бизээ. Таашаал сонирхолд нь нийцсэн бүтэээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, зах зээлд эзлэх байр сууриа олоход чиглэгдсэн хүмүүсийн идэвхтэй, зорилготой үйл ажиллагааг маркетинг хэмээн практик талаас нь ойлгож болох бөгөөд хэрэв аль нэг тал нь нөгөө талтайгаа солилцоо хийхийг идэвхийлэн оролдож маркетингийн арга хэрэгслүүдийг чадмаг ашиглаж байгаа бол маркетер, хоёр дахь тал нь боломжит түнш болно. Зах зээл хөгжсөн орнуудад маркетерийг маркетингийн ухааны мэргэжилтэн гэдэг утгаар ойлгох нь илүү түтээмэл байна. Пүүс компаниас хэрэглэгч ба түншүүдтэдгээ байнгын бөгөөд найдвартай хэлхээ холбоо тогтоож түүнийгээ хадгалан өргөжүүлэхэд маркетингийн зорилго оршдог.
Оролцогч талууд бие биедээ бүрэн итгэж амласан амлалтаа биелүүлж харилцан ашигтай ажиллаж байвал маркетингийн зарчимаар ажиллаж чадаж байна гэж дүгнэх үндэстэй. Энэ нөхцөл боломжийг хангагч, хэрэгжүүлэгч нь маркетер байдаг. Иймээс сайн маркетер байхын тулд маркетингийн үзэл баримтлал, арга ухаан, авъяас чадварыг бүрэн утгаар нь ойлгож эзэмшсэн байх шаардлагатай. Маркетерийг бизнесийн байгууллагуудад борлуулалтын менежер, маркетинг судлаач, бүтээгдхүүний менежер, сурталчилгааны менежер, маркетингийн менежер зэрэг албан тушаалд ажиллуулж байна. Тэр ч байтугай бүх салбар, ялангуяа үйлчилгээний салбарт орон тооны бус маркетерийг өргөнөөр ажиллуулах боллоо. "Үйлчилгээний менежмент ба маркетинг"-ийг үндэслэгч Шведийн профессор Кристиан Кронроос "Үндсэн ажлаа техникийн өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ компанийг хэрэглэгчид ба түншүүдтэй холбоход томоохон үүрэг гүйцэтгэдэг орон тооны бус маркетерийг ажиллуулаагүй газрын маркетинг хэзээ ч үр ашигтай байж чадахгүй" гэж бичиж байна.
Бизнес хэрэглэгчдийн нэлээд хэсэг нь маркетингийн мэдлэг чадвараар хомс, энэ чиглэлийн үндэсний мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд их, дээд сургуулийн багш нар, бусад байгууллагад ажиллаж буй маркетингийн мэргэжилтнүүдийг орон тооны бус маркетераар ажиллуулж, зах зээлд ажиллах чадавхиа нэмэгдүүлэх бодит боломж байгааг манай аж ахуй эрхлэгчид, компанийн эзэд олж харж ухаалгаар ашиглах хэрэгтэй боллоо.
Бидний амьдран буй 21-р зуунд амьдралын хар ухаанаар зээлд хөлөө олж ажиллана гэвэл туйлын хэцүү. Гагцхүү маркетинг, түүнийг хэрэгжүүлэгч маркетерийн ур чадварыг эзэмшиж байж зорилгодоо хүрэх бололцоотой. Маркетерийн үйл ажиллагаа энгийн наймаачныхаас үлэмж өргөн юм. Наймаачин гагцхүү борлуулалтаа өсгөж байж ашиг олохыг хичээдэг бол маркетер алсын хараатай байж хэрэглэгчдийнхээ эрэлтийг ханган таашаалд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж байж орлого, ашиг олох, олон хувилбаруудыг зэрэгцүүлж, оновчтойг нь сонгон авдаг. Тийм тулгуур үндсийг маркетингийн судалгаа олгодог юм. Маркетингийн судалгааны арга барилд гүнзгийрэн мэргэшсэн судлаач энэ ажлыг гүйцэтгэвэл илүү үр дүнтэй байдаг.
Маркетингийн судалгааны үндсэн хүрээг мэдэх нь нэн чухал байна.
Маркетингийн судалгааны үндсэн хүрээ:
Зах зээл ба борлуулалтын судалгаа:
- зах зээлийн багтаамжийн үнэлгээ
- зах зээлийн хэсгийн үнэлгээ
- зах зээлийн хөгжлийн хандлага
- борлуулалтын прогноз
- зах зээлийн чадавхийн үнэлгээ
- хэрэглэгчдийн хүсэл хандлага
- өрсөлдөгчийн зах зээл
Бүтээгдэхүүний судалгаа
- шинэ бүтээгдэхүүний санаа олох
- бүтээгдэхүүний концепци бий болгох
- бүтээгдэхүүнийг турших
- туршиж буй бүтээгдхүүний маркетингийг зохион байгуулах
- баглаа боодлын янз бүрийн төрлийг судалж турших
Үнийн судалгаа
- үнэ ба эрэлтийн хамаарлын судалгаа
- амьдралын мөчлөгийн янз бүрийн шатууд дахь үнийн бодлогын прогноз
|