|
Асуулт №23: Хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулахад ямар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Хариулт: Компанийг шинээр буюу хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно. Компани байгуулагдсанаасаа хойш нэг сарын дотор Үндэсний татварын ерөнхий газар болон түүний орон нутаг дахь албанд бүртгүүлэх тухай өргөдлөө гаргана. Өргөдлийн маягтын загварыг Үндэсний татварын ерөнхий газар батална. Өргөдлийн маягтад дор дурдсан мэдээллийг тусгана.
Үүнд:
1. Үүсгэн байгуулах баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангаж байгаа;
2. Хуулийн этгээд нь хэлбэр, зохион байгуулалтын хувьд хуульд заасан журмаар байгуулагдаж байгаа;
3. Бүрдүүлсэн баримт бичиг нь улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийх шаардлага хангаж байгаа;
4. Компанийн хэлбэрээр байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд өөрийн хөрөнгийн хэмжээ.
Бүртгүүлэхэд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
2. Компани байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. Компанийн дүрэм;
4. Үүсгэн байгуулах гэрээ;
5. Гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол уг хуулийн этгээдийн тухайн улс дахь улсын бүртгэлийн бичилтийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах бусад баримт;
6. Компанийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт;
7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг байна.
Асуулт №24: Санг хэрхэн байгуулах вэ?
Хариулт: Иргэний хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар сан нь нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Санг байгуулах талаар Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулдаг байна.
Монгол Улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран сан байгуулах эрхтэй. Үүсгэн байгуулагчдаас сан байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд өргөдөл гаргагч этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэх байгууллага гаргах ба доорх бичиг баримтыг үндэслэн хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан бүртгэнэ.
1. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
2. хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. хуулийн этгээдийн дүрэм;
4. хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ;
5. гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол уг хуулийн этгээдийн тухайн улс дахь улсын бүртгэлийн бичилтийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах бусад баримт;
6. хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт;
7. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг байна.
Асуулт №25: Төрийн бус байгууллагыг хэрхэн байгуулах вэ? Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Хариулт: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар төрийн бус байгууллага нь иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм. Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр төрийн бус байгууллагыг байгуулсанд тооцно.
Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана:
1. төрийн бус байгууллагын нэр, хаяг
2. төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он, сар, өдөр
3. төрийн бус байгууллагын зорилго
4. төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо
5. удирдах зөвлөлийн эрх хэмжээ
6. удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар
7. удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа
8. удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар
9. удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц
10. удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам
11. төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл журам, энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай
12. дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам зэрэг байна.
Тус хуулийн 16 дахь хэсэгт зааснаар өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ:
1. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
2. хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3. хуулийн этгээдийн дүрэм
4. хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ
5. гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол уг хуулийн этгээдийн тухайн улс дахь улсын бүртгэлийн бичилтийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах бусад баримт
6. хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт
7. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг байна. Бүртгэх байгууллага нь баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэнэ.
Асуулт №26: Манай "Суралцахуй" төрийн бус байгууллага нь 2002 онд нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүйгээр гадаад хэлний сургалт явуулахаар байгуулагдсан. Байгууллагын үйл ажиллагаа өргөжиж гарын авлага, ном, товхимол гаргадаг болсон. Үүнээсээ үндэслэн төлбөргүй сургалтаа санхүүжүүлэхийн тулд ном, сурах бичиг зохион худалдаалах болсон. Байгууллагад ном худалдах эрх байгаа юу?
Хариулт: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно гэж заасан. Үүнд:
1. гишүүний татвар, хандив;
2. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
3. дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
4. зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;
Дээр дурдсан орлого зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдана. Иймээс "Суралцахуй" төрийн бус байгууллага нь ном гарган худалдсанаасаа олсон орлого нийгмийн зорилгоо хэрэгжүүлэх ажиллагаандаа зориулах ёстой юм. Ингэж олсон орлогоо эмзэг давхаргын хүмүүсийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулсан тохиолдолд төрийн бус байгууллага нь ном худалдах аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болдог.
Харин төрийн бус байгууллага нь дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулах юм бол Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу шүүх албадан татан буулгана.
Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ санхүүгийн тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанд, үйл ажиллагааныхаа тайланг мөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргаж өгөх бөгөөд дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны орлого зарлагын тухай мэдээлэх, тайлагнах ёстой байдаг. |